Д.Ганхуяг: Д.Зоригт сайдыг өмөөрч буй хүмүүс ийм яриа гаргасан
УИХ-ын гишүүн Д.Ганхуягаас дараахь тодруулгыг авлаа.
-Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцрох шаардлагатай гэж үзсэн үндэслэлийг ямар учраас гаргах болсноо тодорхой тайлбарлахгүй юу?
-Монгол Улс бол ардчилсан зарчимт улс. Тэгэхээр УИХ-аас гарсан хууль тогтоомжийг Үндсэн хууль болон бусад хуулиараа хэрэгжүүлэхийг Засгийн газар болон Засгийн газрын гишүүн хариуцах ёстой. УИХ-аас гарсан ашигт малтмалын тухай хууль, стратегийн ордуудтай холбоотой Оюу толгой, Таван толгойн тогтоолууд хэрэгждэггүй, эсвэл эсрэгээрээ хэрэгждэг. Ийм байдалтай явсаар ирлээ. Түүнээс гадна Засгийн газрын жил бүрийн үндсэн чиглэл бас ийм байдалтай үргэлжилсээр байна. Мөн эрчим хүчний тавдугаар эх үүсвэрийг барих асуудлыг 2007 онд Засгийн газрын үндсэн чиглэлд суулгаж өгч байсан. Өнөөдөр энэ ажил гэрээ ч үгүй явж байна. Улаанбаатарт өнөөдөр олон зуун айл гэрэл цахилгаангүй байна. Энэ байдлаараа 2014 он гэхэд эрчим хүчний хомсдолд орох болно. Тиймд эрчим хүчний тавдугаар үүсгүүр манайд зайлшгүй шаардлагатай. Гэтэл энэ чухал асуудлыг гурван жил авч хэрэгжүүлэлгүй явлаа. Дараагийн нэг чухал асуудал нь нефть боловсруулах асуудал. Манайх түүхий нефть гаргаад л байна.
Уг нь манай улс нефтиэ боловсруулах юм бол нийт шатахуунаа хөнгөхөн хангачих учиртай. Тэгээд манай Засгийн газрын тэргүүн, гишүүд Кувейт рүү явдаг. Түүхий нефть өгөхөөр боллоо гээд л ирдэг. Миний мэдэж байгаагаар энэ асуудлыг 2005 оноос хойш ярьж байна. Гэтэл одоо болтол хийгдсэн ямар ч ажил алга. Энэ асуудлууд шийдэгдэхгүй болохоор манай улс нэг, хоёр улсаас хараат болж байгаа юм. Тэгээд цаг хэцүүдвэл Ерөнхийлөгч нь утсаар ярьж гуйдаг. Өнөөдөр манайд нэг ийм байдал л үргэлжилсээр байна. Дээр дурдсан бүх асуудлууд жил бүр Засгийн газрын үндсэн чиглэлд тусгагддаг. Нөгөө талаас Засгийн газрын мөрийн хөтөлбөрт АН-ын бүлгийн ажлын хэсэг хангалтгүй дүн тавьсан. Ер нь төрийн хуулийг Засгийн газар хэрэгжүүлэхгүй юм бол хэн энэ хуулийг хэрэгжүүлэх юм. Түүнээс гадна өөрсдийнх нь баталсан хуулийг эсрэгээр нь хэрэгжүүлээд байхад УИХ, Засгийн газрын гишүүдийг огцруулахгүй гээд яах юм.-Та гурвын дэлгэн тавьсан энэ асуудлын цаана хувийн ашиг сонирхол нь нуугдаж байна гэж гадуур ярих боллоо?-Ийм яриа гаргаж байгаа хүмүүс нь Д.Зоригт сайдыг өмөөрч байгаа, төрийн хуулийн дээр гараад суучихсан хүмүүс. Тэрийг нь ч би харсан. Түүнээс гадна нэг зүйл нэмж хэлэхэд би энэ асуудлыг гэв гэнэт гаргаж тавьж байгаа юм биш. Өмнө нь энэ асуудлаар УИХ-д асуулга тавьсаар байсан. Тухайлбал, Оюу толгойн гэрээг хэлэлцэж байхад ашиглах нь зөв. Гэхдээ УИХ-ын 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхгүйгээр энэ гэрээ ажил хэрэг болохгүй гэдэг шүүмжийг хэлж эсрэг саналтай байсан. Тэгээд ч би зөвхөн энэ чуулганы хугацаанд л гэхэд дөрвөн удаа УИХ-д асуулга тавьж байсан.
-Та Засгийн газрыг хууль биелүүлж, ажил хийх хэрэгтэй гэж яриад байна. Тэгвэл Д.Зоригт сайдыг огцруулах асуудлыг өргөн мэдүүлж байснаас хамтарсан Засгийн газраас гаръя гээд зоригтойхон дуугарах хэрэгтэй байсан юм биш үү?
-Хамтарсан Засгийн газраас гарах эсэх асуудлыг гуравхан гишүүн шийддэггүй юм. Нэгдүгээрт АН улс төрийн шийдвэр гаргах ёстой. Хоёрдугаарт УИХ-ын 18 гишүүн санал нэгдэж байж энэ Засгийн газрын тараах эсэх асуудлыг ярих хууль журамтай. Нөгөө талаас бидний гурван гишүүний тавьсан үндэслэл дотор Оюу толгойн гэрээнээс бусад бүх асуудал нь Д.Зоригт сайдын салбартай хамаатай.