Д.Ганхуяг: “MGL-93” шатахуунд эргэлзэх хэрэггүй
УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг
2013.05.30

Д.Ганхуяг: “MGL-93” шатахуунд эргэлзэх хэрэггүй

Манай улс саяхан “MGL-93” эх орны шатахуун үйлдвэрлэж сайд дарга наргүй бүгд хэрэглэх болсон. Гэтэл энэ шатахууны талаар үнэ нь өндөр, чанар муу байна гэх мэдээлэл гарсан. Энэ талаар уул уурхайн сайд Д.Ганхуягаас тодруулсан юм.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг:

Монгол улсад олборлон экспортлогдож буй газрын тосны үнэ Сингапурын хөрөнгийн бирж дээр “Дачин33” нэрээр борлогддог. Манай газрын тосны үнэнд суурилан “MGL-93” шатахууны үнэ тогтоогдож байгаа. Өөрөөр хэлбэл олон улсын жишгээр түүхий газрын тосны биржийн үнээс бүтээгдэхүүний үнийг тооцдог гэсэн үг.

Харин шатахууны чанар муу байгаа тухайд Хятадын Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэр нь сүүлийн үеийн техникээр тоноглогдсон, орчин үеийн технологи бүхий үйлдвэр.  Тиймээс “MGL-93” бензин нь байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө багатай бүтээгдэхүүн юм.

“MGL-93”  автобензин нь манай холбогдох стандартын шаардлагыг бүрэн хангаж байгаа. Шатахууны чанарт эргэлзэх хэрэггүй гэдгийг дахин хэлье. Одоогоор “MGL-93”  шатахуун нь АИ-92 автобензины нийт зах зээлийн 25 орчим хувийг эзлэхээр байгаа. Цаашид бид газрын тосоо өөрсдөө боловсруулах, мөн нүүрсийг шингэрүүлэх болон шатдаг занараа ашиглах байдлаар шатахуун гаргаж эх орныхоо хэрэгцээг бүрэн хангах, улмаар газрын тосны бүтээгдэхүүн экспортлогч орон болох зорилт тавин ажиллаж байна.