УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайханаас асуулт асуулаа
2013.06.03

Иргэдээ орон сууцаар хангах тогтвортой хөтөлбөр хэрэгтэй

УИХ-ын чуулганы Баасан гаригийн үдээс хойшхи хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Барилга, хот байгуулалтын салбарын бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийлээ. Тус мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Улаанбаатар хотод явагдаж байсан маш олон барилга угсралтын ажил зогссон ч шинээр эхэлж байгаа зүйл алга. Ийм олон зуун тэрбум төгрөг өгөөд дэмжээд байхад явахгүй байгаа шалтгаан нь юу байна вэ. Хоёрдугаарт зургаан хувьтай зээл найман хувьтай болж шинэ бодлого гарч байна. Үүнийг дундаж монгол өрхийн орлоготой уялдуулж тооцож чадсан уу.

Монгол улсын дундаж өрхийн орлого сарын 900 мянган төгрөг байна. Энэ бодлого чинь дундаж ангиа биш чинээлэг иргэдээ дэмжих бодлого болоод байна. Нэг байртай байсныг нь хоёр, хоёр байртайг нь арав болгох бололцоог нээж өгөөд байна гэж харж байна.

Таван ханатай монгол гэр орон сууц мөн үү сайд аа

Эцсийн шийдвэрийг нь арилжааны банк л гаргаж байгаа. Арилжааны банк нь засгийн бодлогын дагуу хөрөнгөтэй мөнгөтэй бол чамд байр өгнө гэж байна. Таван ханатай монгол гэр орон сууц мөн үү сайд аа. Хөдөөний малчин иргэн өрх тусгаарлаад хүүдээ нэг гэр авч өгөх гэж байвал энэ орон сууц мөн үү. Танай засгийн бодлогод хамрагдах уу.

Э.Бат-Үүл баатарын амласан Улаанбаатар хотыг гурван жилийн дотор 160 мянган  хаустай болгох хөтөлбөр хаана яваад байна. Танай яаманд бодлогын хувьд нэгтгэгдсэн үү. Өнөөдрийн Улаанбаатарын бодит байдал бол хөрсний, усны, агаарын бохирдол, хүн амын төвлөрөл хэтэрчихсэн.

Ийм байхад төвлөрлийг улам нэмэгдүүлэх бодлого хүчтэй явагдаж байгаа. Яагаад хотуудыг дэмжих ажил хийхгүй байна. Төр үнэ, эх үүсвэр, чанарыг анхаарна гэж. Эдийн засаг дахь төрийн оролцоо хэм хэмжээнээсээ хэтэрлээ. Бид төвлөрсөн, төрөөс хамааралгүй эдийн засгийн оролцоог бий болгохоор оролдсон ч үр дүн муу байна гэлээ.

Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан: 2009, 2010 оны эдийн засгийн хямралд хамгийн их өртсөн нь барилгын салбар. Тэр үед төрөөс төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах бодлого гаргаж тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлсэн. Тухайн үед барилгын салбаруудад зээл олгогдсон ч эргэн төлөлт хүндэвтэр байсан.

Энэ хөтөлбөрийг гаргаж хэрэгжүүлэх нь зөвхөн энэ Засгийн газрын биш Монголын төрийн үүрэг.

Одоо ч манай барилгын компаниуд төдийлөн босч сэргэж чадаагүй байна. Монголын төр иргэдээ орон сууцаар хангахын тулд тогтвортой хөтөлбөр хэрэгтэй байгаа. Энэ хөтөлбөрийг гаргаж хэрэгжүүлэх нь зөвхөн энэ Засгийн газрын биш Монголын төрийн үүрэг.

Тиймд бид үүнийг олон талаас нь ярьж, нягталж байгаа учраас хугацаа алдаж байгаа. Гэхдээ иргэд үүнийг хүсч хүлээж байна. Иргэдийн хувьд Моргежийн зээл бүтлээ гээд бүгд хошуурах биш чанартай, 100 хувь бэлэн болсон орон сууцыг авах ёстой. Энэ хөтөлбөр дундаж орлоготой иргэдэд зориулж гаргаж байгаа нь ойлгомжтой.

Зээлд хамрагдаж чадахгүй иргэдэд зориулсан түрээсийн орон сууц ойрын үед хэрэгжинэ. Яам, Засгийн газар хотын удирдлагуудтай бодлогоо уялдуулж байгаа. Бид газар олголт, газрын харилцаа, хот байгуулалт, хотын дэд бүтэц, элс хайрга, барилгын материалын үйлдвэрийн чиглэлээр харилцан ярьж, ойлголцон төслүүд дээр нягт хамтран ажиллаж байгаа.

Ер нь бид гэр хороолыг барилгажуулах, иргэдээ хүсэн хүлээсэн орон сууцтай болгоход нягтарч хамтран ажиллаж байна. Хүн амын төвлөрөл дээр зарим аймгуудын ерөнхий төлөвлөгөөг дахин хийж, энэ жил 10 аймагт 20 гаруй тэрбум төгрөгийн инженерийн шугам сүлжээ шинэчлэх ажил хийхээр төлөвлөөд байгаа гэсэн хариултыг өглөө.