Д.Мөнхбүрэн: Сэтгүүлчид өөрсдийгөө хянах нь иргэдийн мэдэх эрхийг хааж байгаа хэрэг
“Глоб интернэшнл төв” төрийн бус байгууллагын хуульч Д.Мөнхбүрэнтэй хэвлэлийн эрх чөлөөний хуулийг хэрхэн сайжруулах ёстой талаар ярилцлаа.
-Хэвлэлийн эрх чөлөөний хууль тунхагийн шинжтэй байгаагаас сэтгүүлчдийн мэдээллэх, хууль эрх зүйн орчин дутмаг байгаагаас шүүх дээр очих асуудал олон байна. Энэ байдлыг яаж өөрчлөх вэ?
1998 оны хэвлэлийн эрх чөлөөний хууль бол ер нь сайн хууль. Яагаад гэхээр төрийн эрх мэдлийг хязгаарласан, цензурыг хориглосон. Харамсалтай нь цензур өнөөдөр байсаар. Цензур нь эдийн засаг, хуулийн байдлаар илэрдэг. Хамгийн ноцтой цензур бол сэтгүүлчийн өөрөө өөртөө тавьж буй цензур. Сэтгүүлч яагаад ийм ноцтой байдал хүрч байгаа нь эргээд хуультай холбоотой.
Хууль эдийн засаг, улс төрийн бохир заваан орчноос үүдээд, хэлэх зүйлээ хэлж чадахгүй байгаа нь иргэдийн мэдэх эрхийг хязгаарлаж байгаа хэрэг болно. Яагаад гэхээр сэтгүүлчид бүхий л мэдээллийг хамгийн түрүүнд олж мэддэг, боловсруулж, түгээдэг. Сүүлийн үеийн нэг судалгаанаас харахад иргэд мэдээллийг сонин хэвлэлээс авч байгаа нь хамгийн их хувьтай бөгөөд иргэд өөрсдөө төрийн байгууллагаас мэдээлэл аваад тэр нь сэтгүүлчийн мэдээлэлтэй харьцуулахад маш бага хувьтай байгаа юм.
Мэдээллийг хүргэх үүрэгтэй сэтгүүлчид өөрсдийгөө хязгаарлаж байгаа нь иргэдийн мэдэх эрхийг хааж байна гэсэн үг.
-Хэзээ, хаанаас гаргасан судалгаа вэ?
2006, 2008 онд сэтгүүлчдийн дунд судалгаа явуулж, сэтгүүлчид ямар сүрдүүлэг, дарамтанд өртөж байна гэдгийг судалсан.
-Өөрсдөдөө хяналт тавьж байгаа нь эздийн хараат байдал, хуулийн орчинтой холбоотой биз дээ?
Ерөөсөө цензурын ноцтой хэлбэр нь өөрийгөө хянах. Үүнд редакци, эдийн засаг, хуулийн орчин нөлөөлдөг. Мөн Төрийн нууцын хуулиуд, эрүүгийн хуулийн гүтгэлэг, доромжлолын гээд олон хуулийг дурдаж болно. Жишээ нь авилгалын хэрэг биччихвэл гүтгэлэг доромжлолд орно гэдгээ мэдээд цензур тавиад нэг бол их зөөллөж бичнэ, эсвэл бичихгүй байдаг.
Ийм байгаа учраас манай улсад эрэн сурвалжлах сэтгүүл зүй ерөөсөө хөгжөөгүй. Орчин нь бүрдээгүй. Бид нар 2004 онд эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэхийн тулд хорин сэтгүүлчийн баг гаргаж, ажиллаж байсан. Хууль судлаад, зөрчилтэй нийгмийн асуудлын араас явсан. Дөрвөн баг болоод боловсрол, эдийн засаг, байгаль орчин, хуулийн орчин сэдвээр эрэх сурвалжлах сэтгүүн зүйн бүтээлийн эрэлд гарсан.
Гэхдээ эцсийн дүндээ бүх баг материалаа нийтлэхээс татгалзсан. Яагаад гэвэл баримт мэдээлэл цуглуулж буй арга нь өөрөө манай хуулиар харш байсан. Жишээ нь их сургуульд ороход авлига авдаг байдлыг баримтжуулсан. Гэхдээ хууль бусаар баталгаажуулах өөр арга байхгүй байсан.
Тэрийг зөвтгөдөг хуулийн заалтууд нь байхгүй.
Хоёрдугаарт сэтгүүлчид дотор сэтгүүлчид байдаг. Нэг асуудлыг олон жил судлаад баримтаар нотолсон байсан ч манай хууль хяналтынхан тэр сэтгүүлчийг шийтгэхийг зорино уу гэхээс биш бичсэн зүйлийнх нь араас шалгадаг, тогтолцоо байхгүй.
Өмнө нь 1990 оноос үзэл суртлын улмаас шалгадаг тогтолцоо байсан. Алдаа мадаг байвал албан тушаалтан донгодуулдаг.
Тэр хүн үнэхээр хэргийг үйлдсэн үү гэдгийг тодруулж байж дараа нь сэтгүүлчийг шийтгэх эсэхийг шийдэх ёстой.
Энэ байдлыг заавал өөрчлөх хэрэгтэй.
-Хэвлэлийн эрх чөлөөний хоёр ч хууль хэлэлцэгдсэн ч санаачлагч буцааж татсан. Танайхаас хуулийн харьцуулалтыг хийсэн үү?
-Хоёр хувилбар явсан. ЗГ, Ерөнхийлөгчөөс санаачилсан. Ерөнхийлөгчийнх илүү ардчилсан, бас засах шаардлагатай хууль байсан.
Эздийн редакциас хараат бус байдлыг зохицуулсанаараа давуу талтай. Өөрийн зохицуулалтыг хийсэн нь давуу байсан.
2012 оны хувьд сэтгүүлчдийн хувьд мэдээллийн ил тод байдлын хууль их эергээр нөлөөлж байгаа. Өмнө нь бүх байгууллага мэдээлэл авья гэхээр нууц гэдэг халхавчтай байсан. Нууц гэдэг үндэслэлээр мэдээлэл хаах нь гайгүй болж байгаа гэж найдаж байна.
2001 онд судалж байхад тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 230 хуулиас 91 нь хэвлэл мэдээлэлтэй холбоотой заалтууд байсан. Тэрнээс 51 нь хориглосон, заалтууд байсан. Тэр 2013 оны байдлаар батлагдсан хуулиудад ажиглалт хийхэд мэдээллийн ил тод байна гэсэн томьёоллоор хийгдэж байгаад баяртай байгаа. Гэхдээ тамхины хяналтын хууль, садар самуунтай тэмцэх хуулиудыг ажиглаж байхад зарим нэг нарийвчилсан заалтыг оруулах ёстой байгаа юм.
-Нэг талаар хуулийн орчин муу гэж ярьдаг ч сэтгүүлч бидэнд анзаараагүй өөр ямар боломж байгаа вэ?
Сэтгүүлчийн ёс зүйн дүрэмд нэг мэдээллийг доод тал нь гурван эх сурвалжаар баталгаажуулна гэсэн байдаг. Үүнийгээ сайн барьж байх хэрэгтэй. Эх сурвалжаа баталгаажуулаагүй алдаа их байгаа юм. Хүн л юм хойно алдаа гаргана. Гэхдээ алдаагаа дор нь засах ёстой.