“Гудамж” төслийн эхний ажлыг хүлээн авлаа
“Гудамж” төслийн хүрээнд хийсэн хамгийн эхний ажил болох “Өргөө” кинотеатрын өмнөх уулзварын замыг өнөөдөр ашиглалтад орууллаа. Босоо тэнхлэгээрээ шууд холбогддоггүй, хөрөөний ир шиг тахиралдсан энэ уулзвар хорооллын замын түгжрэлийн гол шалтгаан болж байв.
Н.Алтанхуяг: Зөв зохион байгуулбал монголчууд бид ямар ч бэрх асуудлаа шийдэж чадна.
Ачаалал үүсгэдэг ийм хэсгийг дөрвөн замын уулзвар болгосноор замын нэвтрэх чадвар сайжирч, хөдөлгөөний чиглэл ойлгомжтой боллоо. Ярьж шүүмжилсээр ирсэн олон асуудлыг барьж аван шийдвэрлэхээ ард иргэддээ амласан Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг “Зөв зохион байгуулбал монголчууд бид ямар ч бэрх асуудлаа шийдэж чадна гэдгийг өнөөдөр дахин харлаа” гэлээ.
“Гудамж” төсөлд Засгийн газрын Чингис бондын хөрөнгөөс 200 сая ам.доллар төсөвлөсөн. Энэ онд хотын төвд 33 уулзварыг шинэчлэн өргөтгөж, шинээр гудамж бий болгох бол гэр хороололд дахин төлөвлөлтийн зарим байршлын бүтээн байгуулалтыг эхлүүлээд байна. Түүнчлэн Туул, Сэлбэ голын дагуу барих 122 км хурдны замын зураг төсөл гаргаж, барилга угсралтын ажлыг нь гараанаас хөдөлгөнө.
“Гудамж” төсөлд Чингис бондын хөрөнгөөс 200 сая ам.доллар төсөвлөсөн.
Түгжрэлтэй, зам тээврийн осол их гардаг олон тахир зам хуваарийн дагуу ингэж шинэчлэгдсээр байх юм. Замын цагдаагийн газраас явуулсан судалгаагаар Улаанбаатар хотын хамгийн аюултай цэгээр нэрлэгдсэн Саппорогийн аюулгүйн тойрог энэ сарын 15-нд дөрвөн замын уулзвар болж нээгдэнэ.
Жолооч нарын уур бухимдлыг бардаг Дарь-Эхийн уулзварын зам барилгын ажил энэ сарын 6-нд эхэлсэн. Эдгээр уулзварын засвар шинэчлэлийн явцыг иргэд гар утас, компьютерээсээ 24 цагийн турш www.gudamjtusul.mn хаягаар шууд хянах боломжтой.