Д.Батцогт: Усны асуудлаар санаа зовнидог гишүүн олон болсон
Өнөөдөр иргэний танхимд “Усны тулгамдсан асуудал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг “Монголын усны түншлэл” ТББ зохион байгууллаа. Энэ үеэр тус байгууллагын тэргүүн, УИХ-ын гишүүн Д.Батцогттой ярилцлаа.
-Чандмань хэмээх усаа хэрхэн хамгаалахаар төлөвлөж байгаа вэ?
Дэлхийн томоохон хотуудад усны нөөц, хангамж, аюулгүй байдал хурцаар тавигдах боллоо. Манайх ч гэсэн мөн адил. Тиймээс эртнээс санаа тавьж ажиллахгүй бол горьгүй. Ялангуяа уул уурхайн эрчимтэй хөгжлийг дагаад усны хэрэглээ маш их нэмэгдэж байгаа энэ үед анхаарлаа хандуулах хэрэгтэй. Манай улс тийм их усны нөөцтэй орон биш. Тэгэхээр байгаа нөөцөө яаж ариг гамтай ашиглаж, яавал хэмнэлттэй хэрэглэх вэ, ямар бодлогоор зохицуулах вэ гэдгээ сайн тавих хэрэгтэй.
Үүний тулд усны салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгохын тулд нэлээдгүй ажлыг хийхээр төлөвлөөд байна. Мөн хөдөө орон нутагт ширгэсэн байгаа гол ус, нуур цөөрмийг сэргээх ажлыг эхлүүлэхийн зэрэгцээ байгаа гол усаа хамгаалах чиглэлээр гадны байгууллагатай хамтарч ажиллах болно. Усаа хамгаалах чиглэлд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар өргөнөөр дэмжиж байгаа.
-Усны үнийг нэмэхээс гадна ямар бодлого барих ёстой вэ?
Зөвхөн үнэ нэмсэнээр асуудал шийдэхгүй. Ер нь ус хичнээн чухал ач холбогдолтой талаарх иргэдийн ойлгоцыг сайжруулж, хандлагыг өөрчлөх хэрэгтэй гэж боддог. Өнөөгийнх шиг замбараагүй хэрэглээд байвал яах вэ гэдгийг ойлгож ухаарах нь хамгийн чухал. Юун түрүүнд усны хэмнэлтийн технологийг нэвтрүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллах ёстой. Байгалийн нөөц, усан санд зөв менежмент хийж, аюулгүй байдал, цэвэр байлгах тал дээр анхаарах шаардлага бий. Нийслэлийн тухайд гэвэл Туул, Сэлбэ голын урсацыг хамгаалах, бохирдлыг арилгах, далан хийх, цэвэрлэх байгууламжийн чанарыг сайжруулах асуудал тулгамдаж байгаа.
-Усны салбарын эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч ажиллана гэлээ. Уг урт нэртэй хууль гол мөрөн, ус ундарга хамгаалахад маш чухал үүрэгтэй. Гэтэл хэрэгждэггүй, үүнийг яаж шийдэх вэ?
Урт нэртэй хуулийн хэрэгжилт тааруухан байгаа гэдгийг олон хувь хүн, иргэний нийгэм шүүмжилдэг. Энэ нь үнэн. УИХ-ын гишүүд хуулийн хэрэгжилтийн асуудлаар асуулга тавиад, хариуг нь авчихсан. Цаашид хэрэгжилтийг хангуулах үүднээс усны салбарынхан бид дорвитой ажиллана.
-Засгийн газраас хэрэгжүүлж буй “Ус” хөтөлбөрийн хэрэгжилтийг юу гэж дүгнэх вэ?
Нэг их айхтар мундаг боллоо гэж хэлж чадахгүй. Ямартай ч анхаарал хандуулах эхлэлийн цэгээ тавиад байгаа нь сайн хэрэг. Усны талаар маш их санаа зовнидог УИХ-ын гишүүн олон болсон нь сайшаалтай.