Хүүхэд хамгааллын үйлчилгээний тогтолцоо хангалтгүй байгаа
Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа
2013.06.11

Хүүхэд хамгааллын үйлчилгээний тогтолцоо хангалтгүй байгаа

Time.mn-ийн таван асуултад ХТҮГ-ын дарга И.Нарантуяагийн хариуллаа.

1. Хүүхдийн төлөө үндэсний газар хүүхдэд чиглэсэн дорвитой ямар ажил хийж байна вэ. Хүүхдийг хүчирхийлдэг, тэдний  эсрэг гэмт хэрэг үйлддэг,  хариуцлагагүй хүмүүс рүү хандсан  ямар ажил хийж байгаа вэ?

Хүүхэд хамгаалал, ялангуяа хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудлаар ХТҮГ нь орон нутгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсүүд бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан багаар ажилладаг.

Хамтарсан багаар ажиллах журмыг Аймаг, Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлан мөрддөг. Хамтарсан багийн бүрэлдэхүүнд өрхийн эмч, цагдаа, байцаагч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид багтдаг юм.

Асрамжийн хүүхдүүдэд хяналт тавина

Хүүхэд хамгааллын асуудлыг гэр бүл төвтэй бодлогоор дэмжин хөгжүүлэх зарчмын өөрчлөлтийг бүтэц, зохион байгуулалтаас эхэлсэн. Түүнд нийцүүлэн эрх зүйн орчноо боловсронгуй болгох, чадавх бэхжүүлэх, мэдээлэл, мэргэжлийн удирдлагаар хангахад гол анхаарлаа чиглүүлж байна.

“Хүүхдээ сонсъё” аян, “Хүүхдийн хөгжил, хамгааллын шинэчлэлд хамтдаа” үндэсний чуулганаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан ойрын хугацааны зорилтуудыг тодорхойлсон.

2. Хүүхэд хамгаалал дэндүү сул байгаагаас онц ноцтой хэргүүд их гарч байна гэдэгтэй та санал нийлэх үү. Энэ тал дээр хууль хяналтын байгууллагуудтай хамтарч ажилладаг уу?

Хүүхэд хамгааллын үйлчилгээний тогтолцоо хангалтгүй байгаатай санал нийлнэ. Үндсэн шалтгаан нь хуулийг хэрэгжүүлэн хүүхдийн эрхийг хамгаалагчдын эрх үүрэг хангалтгүй, хууль зөрчсөн этгээдэд ногдуулах хариуцлага хэт ерөнхий, түүнийг хэрэгжүүлэх нь сул байна.

Бид гэр бүл төвтэй урьдчилан сэргийлэх тогтолцоог хөгжүүлэхийг зорьж байна. Зөвхөн хууль хяналтын байгууллага биш бүх салбарын байгууллага, иргэнтэй хамтран ажиллахыг чухалчилж байна.

4. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг  боловсруулах ажлын явц ямар байна вэ. Ер нь хүүхдийн эрх зүйн асуудалд хэр анхаарал хандуулж байна вэ?

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгах саналаа бэлтгэн хуульчдын багтай хамтран ажиллаж байна. Бэлтгэж байгаа төсөлд олон нийтийн санал авах ажил тавдугаар сарыг дуустал хугацаанд үргэлжилнэ. /nac.gov.mn хаягаар танилцаж болно.

 Ер нь зөвхөн энэ хууль бус олон хууль тогтоомжид хүүхдийн эрх ашгийг хамгаалах, дээдлэх, хэрэгжүүлэхтэй холбоотой шинэчлэл шаардлагатай байгаа.

5. Хүүхдийн гэх тодотголтой байгууллагууд янз бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж ярьдаг ч бодит үр дүн нь туйлын хангалтгүй байдаг. Эндээс хүүхдийн нэр барьж ашиг хонжоо хайгчид байгаа нь харагддаг. Үүнд хяналт гэж байна уу?

ХТҮГ-ын зүгээс ТББ-уудтай төрийн зарим чиг үүргийг гэрээлэн гүйцэтгүүлж байгаа үйл ажиллагаанд хяналт тавьдаг. Тодорхой нэр хаягтай мэдээллээ зохих хууль хяналтын байгууллагад өгч шалгуулах бүрэн боломжтой.  

4. Эцэст нь  асуухад та Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга болсноосоо хойш хүүхэдтэй холбоотой ямар асуудлуудыг хөндөж, ямар шинэ санаачилгуудыг гаргасан бэ?

Хүүхдийн эрх ашгийг хамгаалах нь нэг байгууллага, хүний дангаар шийдэх асуудал биш. Энэ нь ул суурьтай, хүүхдийн эрхийг дээдэлж хандах хандлага, ойлголтыг нэгдмэл байхыг шаарддаг процесс юм.

Ахархан хугацаанд бид гэр бүл төвтэй хүүхдийн хөгжил, хамгааллын бодлого, хөгжлийн стратеги, төлөвлөлтөд ахиц гарсан гэж дүгнэж байна.

ХТҮГ-ын стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн хүрээнд дүүрэгт Хүүхэд хөгжил, хамгааллын төвүүдийг олноор байгуулах,  сум, хороонд хүүхдийн асуудлаар ажиллах нийгмийн ажилтантай байлгах шинэ бүтцийг батлуулахаар  ажиллаж байна.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг байгууллага бүхэн дагаж мөрдөх ”Хүүхэд хамгааллын бодлого, журам”-ыг танилцуулах, хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.

Хүүхдийг эрсдэлээс хамгаалах нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, гэр бүлийн үнэ цэнийг ойлгох иргэдийн хандлагыг сайжруулах нь хүүхдийн эсэн мэнд, аюулгүй орчинд амьдрах, хамгаалагдах эрхийг хангахад чухал хувь нэмэр гэж үзэж байна.