Зам, тээврийн яам, Монголын авто замчдын холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Зам, тээврийн яам, Монголын авто замчдын холбоо хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа.
2013.06.14

Зам, тээврийн яам, Монголын авто замчдын холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Зам, тээврийн яам, Монголын авто замчдын холбоо хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа.  

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөр, УИХ-аас баталсан “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд авто замын салбарт томоохон зорилтуудыг дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа юм.

Гэтэл өнөөдрийн байдлаар авто замын үндсэний компаниудын чадавхи нь дээрх мөрийн хөтөлбөрүүдэд дэвшүүлсэн зорилтыг ханган биелүүлэх түвшинд хараахан хүрээгүй байгаа гэх хүндрэл учраад байна. Иймээс  дээрх нөхцөл байдлаас үндэслэн салбарын чадавхийг нэмэгдүүлж бэхжүүлэхэд нэн шаардлагатай гэж үзэн хэд хэдэн ажил, авах арга хэмжээний талаар Монголын авто замчдын холбоо, тус холбооны Удирдах зөвлөл, Зөвлөлдөх хорооныхон хэлэлцээд саналууд гаргаснаа Зам, тээврийн яаманд хүргүүлж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан нь энэ юм.

Уг санамж бичигт Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд дэмжлэг үзүүлэхүйц авто замын сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх, Авто замын салбарын хөгжлийн асуудлаар Монголын авто замчдын холбоо болон салбарын төрийн бус байгууллагуудын оролцоо, авто замын техник, тоног төхөөрөмж, технологийн шинэчлэл, салбарын инженер техникийн ажилтан, боловсон хүчний бодлогын талаар хамтран хэрэгжүүлдэг тогтолцоог бий болгоход хоёр тал хамтран ажиллахаа илэрхийлжээ.

Авто зам, гүүрийн барилгын ажилд хэрэгцээт импортын материал худалдан авахад татварын бодлогоор дэмжих талаар дурджээ.

Мөн авто зам, гүүрийн барилгын ажилд хэрэгцээт импортын материал худалдан авахад татварын бодлогоор дэмжих талаар дурджээ. Замын битум, арматур, цемент, замын технологийн машин механизм, тоног төхөөрөмж, техник багаж хэрэгсэл гээд энэ салбарт импортоор оруулж ирдэг материал олон.

Түүнчлэн энэхүү санамж бичигт авто замын барилгын ажлыг түтээмэл тархацтай материал ашигласны төлбөрөөс чөлөөлүүлэх, авто зам, гүүрийн хайгуул, зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх нэгж өртгийг зах зээлийн бодит үнэлгээтэй уялдуулан шинэчлэн тогтооход хоёр тал хамтран ажиллаж, өргөн хэрэглэгддэг цемент, арматур, битум, шатахууны үнийг зах зээлийн үнийн өсөлттэй уялдуулан индексжүүлж ажил гүйцэтгэх гэрээнд тусгадаг болох асуудлыг хамтран шийдвэрлүүлж байхаар сануулсан байна.

Замын компаниудад өргөн хэрэглэгддэг дээрх материалууд тэр дундаа шатахууны өсөлттэй холбоотой өр зээл, алдагдал маш их тохиолддог. Хэрэв энэ асуудлыг хоёр тал ажил хэрэг болгож, Засгийн газар, УИХ-ын хэмжээнд шийдвэрлүүлж шатахууны үнийг өсөлтийг зах зээлийн үнийн өсөлттэй уялдуулан гэрээнд нь тусгавал олон жилийн турш яригдаж буй энэ хүндрэл арилах сайн мэдээ ирэх нь. Энэхүү санамж бичигт гарын үсэг зурсан явдал бол Монголын авто зам, гүүрийн салбарт ажиллаж буй олон мянган хүний хувьд томоохон үйл явдал юм. Замчид “Анх удаа замын салбар өөрийн гэсэн яамтай боллоо. Одоо л бид дэлхийн жишигт нийцсэн техник тоног төхөөрөмж, технологитой болох нь. Үүнийгээ дагаад замчид, монголчуудын минь ч амьдрал амьжиргаа ч дээшлэх нь байна” хэмээцгээж байгаа юм.

 Монголын авто замчдын холбооны тэргүүн Т.Бямбаа “Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан нэг гол ажил бол 2012-2016 онд Нийслэл xотыг бүх аймгийн төвүүдтэй хатуу хучилттай авто замаар холбох зорилт юм. Өөрөөр хэлбэл, ойрын гурван жилд, ялангуяа 2013 онд замын салбарын хувьд их бүтээн байгуулалт өрнөхөөр болж байна. Зам барилгын эдгээр ажилд дотоодын аж ахуйн нэгжүүдийг түлхүү оролцуулж, үндэсний компаниудаа чадавхижуулах чиглэлийг Засгийн газраас баримталж ажиллахаар шийдвэрлэснийг замчид бид талархалтайгаар хүлээн авч байна.

Их бүтээн байгуулалтын энэхүү ажлыг эхлүүлэхэд Монголын замчид бидэнд олон жилийн туршлага, чадвартай боловсон хүчин хангалттай байгаа гэдэгт итгэл төгс байна. Гэвч их бүтээн байгуулалтын нөр их ажлыг богино хугацаанд, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхэд Монголын авто замчид бидэнд техник технологи, тоног төхөөрөмжийг шинэчлэн бэхжүүлэх болон хууль эрх зүйн орчинг сайжруулах зэрэг тулгамдсан асуудлууд цөөнгүй байгаа юм.

Иймээс Монголын авто замчдын холбоо, Зам, тээврийн яамтай нарийн нягт харилцаа холбоотой ажиллаж, тулгамдаж буй асуудлуудаа хамтран шийдэхээр санамж бичигт гарын үсэг зурлаа” гэж ярьсан юм.

Юутай ч Монголын авто замчдын холбоо, Зам, тээврийн яамтай нарийн нягт харилцаа холбоотой ажиллаж, тулгамдаж буй асуудлуудаа хамтран шийдэхээр санамж бичигт гарын үсэг зурсанд энэ салбарт ажиллаж буй олон мянган ажилчид талархалтай хандаж байгаа бол “Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бидний саналыг хүлээн авч тусган ажиллана гэдэгт итгэж байна” гэдгээ Монголын авто замчдын холбоо, тус холбооны гишүүд илэрхийлж байна.

Н.Лхагвадорж: Замын өртөг өсөөгүйгээс үндэсний компаниуд өнөө маргаашаа аргацаан өнгөрүүлж байна

Өнгөрсөн баасан гаригт хоёр тал санамж бичигт гарын үсэг зурахаас өмнө Монголын авто замчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүд ээлжит хуралдаанаа хийсэн юм. Энэ үеэр Монгол Улсын гүүрийн зөвлөх инженер, Монголын Улсын хөдөлмөрийн баатар Н.Лхагвадоржтой цөөн хором ярилцлаа.

-Өнөөдөр бид хурлаараа ажлын чанар, үндэсний компаниудын чадавхийг дээшлүүлэх тал дээр ярилцаж байна. Манай авто замын салбар сүүлийн долоо, найман жил нэлээд хөгжөөд байна. Гэхдээ учир дутагтдалтай зүйл нэлээд байгаа. Энэ нь үнээс шалтгаалж байгаа юм. Манай улсад баригдаж байгаа зам дэлхийн үнэлгээгээр гуравдугаар зэргийн зам.

-Зам хэдэн зэрэглэлтэй байдаг юм бэ?

-Зам 1-3 зэрэглэлтэй. Замын зэрэглэлийг хөдөлгөөний эрчмээс нь хамааруулж тогтоодог. Манай замын хөдлөгөөн бага байгаа нь гуравдугаар зэргийн замдаа тохирдог ч одоо бол тохиромжгүй болоод байна. Учир нь цөөхөн ч гэсэн хүнд даацын машинууд яваад замд маш их хэмжээний эвдрэл гаргаад байгаа юм. Үүн дээр л авто замын технологийг шинэчлэх асуудал тулгараад байна.

Зам 1-3 зэрэглэлтэй. Замын зэрэглэлийг хөдөлгөөний эрчмээс нь хамааруулж тогтоодог. Манай замын хөдлөгөөн бага байгаа нь гуравдугаар зэргийн замдаа тохирдог ч одоо бол тохиромжгүй болоод байна.

Манай замын жишиг үнэ ердөө дөрвөн зуун хэдэн сая төгрөг. Хуучин гэрээгээр зарим ажлууд явагдаж байгаа болохоор нэг км зам дээд тал нь 400-470 сая төгрөг орчмоор баригдаж байгаа юм. Гүүр бол бүр бага. Би гүүрийн зөвлөх инженер хүн. Энэ салбарт насаар, 44 жил ажиллаж байна. Гүүрэн дээр нэлээд анхаарах шаардлагатай. Манайхан зам, зам гээд хиймэл байгууламж, гүүрийн асуудлыг хоёрдугаарт тавиад байдаг. Энэ бол тийм биш юм аа. Гүүр бол инженерийн маш чухал байгууламж. Хүнд даацын машинуудыг нэвтрүүлэхэд замын чанарыг дээшлүүлэх, гүүрийн технологи, тоног төхөөрөмжийг сайжруулах гэх мэт шинэ зүйлсийг нэвтрүүлэх маш их шаардлагатай байгаа. Гүүрэн дээр хугацаа маш их шаардагддаг.

Сүүлийн үед өрөмдмөл сууриуд, хүчитгэсэн дам нуруунууд нэвтэрч эхэлж байна. Үүн дээрээ хугацааг маш нарийн тогтоохгүй бол болдоггүй. Бетон бэхжиж гүйцэтгэсний дараа хүчитгэдэг. Тэгээд тэрэнд хэрэглэдэг тоног төхөөрөмж,  материалуудыг гадаадаас, БНХАУ-аас голдуу худалдаж авч байна. Жил ирэх тусам материал, тоног төхөөрөмжийн үнэ нь нэмэгдэж байгаа. Үүнтэй холбогдуулаад замын өртөг өсөөгүйгээс болоод үндэсний компаниуд зөвхөн өнөө маргаашаа өнгөрөөсөн маягтай, хуучин техник, технологитой үйл ажиллагаагаа явуулдаг. Шинэ технкик авъя гэхээр өндөр үнэтэй байдаг. Ийм л асуудлууд дээр хүнд байдаг юм аа.

Үүний дээр компаниудын чадавхи их муу. Түүнчлэн шинэ техник технологиос гадна боловсон хүчний асуудал тулгарч байна. Хуучин өнөө л бахь байдгаараа яваад байна. Одоо бид дэлхийн хөгжилд маш яаралтай хүрэх шаардалгатай. Энэ бүхэн хөрөнгөтэй холбоотой. Жишиг үнэ, хөрөнгө маань тавигдаад ирвэл үндэсний  компаниуд маань боловсон хүчнүүдээ бэлтгээд эхэлнэ, шинэ тоног төхөөрөмж оруулж ирж, нэвтрүүлж чадна.

Одоо энэ салбарт ажилчны цалин нь 300-370 мянган төгрөг байна . Залуучууд голдуу ажиллана. Ихэвчлэн хээр хөдөө ажилладаг болохоор энэ салбарт ажиллах хүн олддохгүй болсон

Одоо энэ салбарт ажилчны цалин нь 300-370 мянган төгрөг байна . Залуучууд голдуу ажиллана. Ихэвчлэн хээр хөдөө ажилладаг болохоор энэ салбарт ажиллах хүн олддохгүй болсон. Инженер техникийн ажилтнууд 800-1.2 сая төгрөгийн цалинтай. Ажиллах хүн олъё гээд сүүлийн хоёр жилийн хугацаанд 20-30 хүн хайгаад олж чадахгүй байна шүү дээ. Яагаад зам, гүүрийн салбарт ажиллах хүн олдохгүй байна гэхээр ажилын цалин хөлс, мөнгөтэй  холбоотой.

-Танай холбоо харьяа яамандаа санамж бичиг хүргүүлэх гэж байна?

-Бидний өмнө зайлшгүй шаардагдааад буй гол зүйлсээ товчлоод яамандаа санамж бичиг хүргүүлж байна. Засгийн газар, УИХ маань үүн дээр арга хэмжээ аваад өгөх юм бол холбоо, яам, замын байгуулгуудтайгаа нийлээд шаардлагатай тооцоо, судалгааг гаргаж өгөхөд бэлэн байна.  

Монголын авто замчид маань өнгөрсөн жилийн зөвлөлгөөн дээрээ “2016 он гэхэд аймгийн төвүүдийг нийслэлтэйгээ хатуу хучилттай замаар холбоно” гэж зорилт дэвшүүлсэн юм. Бидний энэ зорилтыг биелэхэд шинэ гарсан Засгийн газар маань ач холбогдол өгч дэмжиж, ажиллаж буй замчид баяртай байна. Үүнийгээ ажил хэрэг болгоход зүгээр хатуу хучилтаар хучих биш, замыг чанарыг сайжруулах нь хамгийн чухал. Хоёр гурван жил болоод эвдэрчихдэг зам биш, хорь гучин жилийн настай, чанартай замтай болоход юу юу хэрэгтэй вэ гэдгийг л бид хэлэлцээд байна гэсэн юм.