Цөмийн энергийн газрын байцаагчид орон нутагт ажиллалаа
Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр
2013.06.19

Цөмийн энергийн газрын байцаагчид орон нутагт ажиллалаа

Цөмийн энергийн газрын 2013  оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу улсын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн хүрээнд

Хэнтий, Баянхонгор, Өмнөговь аймгуудад эрүүл мэндийн чиглэлээр цацрагийн үүсгүүр ашиглан үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад цөмийн энергийн тухай хууль, холбогдох бусад дүрэм, журмын хэрэгжилтийг шалгаж, тэдгээрт ашиглагдан хадгалагдаж буй цацрагийн үүсгүүр бүхий аппарат тоног төхөөрөмжийн хүчин чадал  ашиглалт, чанарын байдалд болон ажлын байранд цацрагийн эрүүл ахуй, дозиметрийн хяналт хийж, цацрагийн аюулгүйн үнэлгээ гаргах, холбогдох зөвшөөрөл олгох, байгууллагын  цацрагийн хамгаалалт, аюулгүйн дэд бүтцийг сайжруулах ажлыг зохион байгуулсан байна.

Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр

Хяналтанд дээрх 3 аймгийн нийт 9 байгууллага аж ахуйн нэгж хамрагдсан байна. Хяналтаар цөмийн энергийн тухай хууль холбогдох дүрэм журмын шаардлага зөрчсөн зөрчил дутагдлыг илрүүлэн арилгуулахаар улсын байцаагчийн  акт 4 ,  албан шаардлага 10-г гаргаж, зөрчил дутагдлыг засуулах арга хэмжээ авсан байна. Ноцтой зөрчил гаргасан 3 байгууллага болон иргэнд шийтгэвэр ноогдуулсан байна.

Орон нутгийн эмнэлгүүдэд дараахь зөрчлүүд нийтлэг илэрч байна. Үүнд:

1. Эмнэлгүүдэд эрүүл мэндийн байгууллагуудын техник технологийн шинэчлэлийн хүрээнд шаардлагатай байгаа рентген оношилгооны аппаратыг ханган нийлүүлэх ажил хангалтгүй байгаагаас хэт хуучирсан чанарын баталгаажилтын шаардлага хангахгүй аппарат тоног төхөөрөмжийг ашиглаж байгаа нь өвчтөн үйлчлүүлэгдийг цацрагийн нэмэгдэл шарлагад өртүүлөх нөхцөл болж байна.

Мөн тэдгээрийг ашиглалтаас гаргах талаар холбогдох байгууллагуудад мэдэгдэж шийдвэрлүүлээгүй, харъяа төрийн өмчийн газруудаас гаргуулах шийдвэр удаашралтай байна.

2.  Шаардлагагүй тохиолдолд өвчтөнийг рентген  шинжилгээнд оруулах, давтан зураг авах, өвчтөнүүдийг үндэслэлгүйгээр цацрагийн шарлагад өртүүлэх зөрчил дутагдал гарсаар байгаа нь эмнэлгийн эмч, ажилчдын болон тухайн эмнэлгийн удирдах ажилтнуудын цацрагийн хамгаалалтын талаарх мэдлэг сул байгаатай холбоотой байна.

3.  Рентген радиологийн кабинетууд нь зориулалтын бус, стандартын дагуу цацрагийн хамгаалалт хийгдээгүй байранд хуучин аппарат техниктэй ажилладаг, ажлын ачаалал их, хөдөлмөр хамгаалал хангалтгүй зөрчил дутагдал орон нутгийн эмнэлгүүдэд их гарч байна. 

Хяналтанд хамрагдсан байгууллагын удирдлага, цацрагтай ажиллагчдад Цөмийн энергийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартыг сурталчлан таниулах цацрагийн хамгаалалт, аюулгүйн талаар мэдлэг олгох зорилгоор сургалт, семинар зохион байгуулсан байна.