2013.06.20

Бизнес эрхлэгчдийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа болон УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нар тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Шинэчлэлийн Засгийн газраас баримталж буй бодлого, орон сууцжуулах төсөл, найман хувийн хүүтэй зээл, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих талаар төрөөс баримталж байгаа бодлогын талаар сайд Д.Ганхуяг мэдээлэл өгсөн юм.

Мөн Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа уулзалтад ирсэн бизнес эрхлэгчдэд хандан дүүргийн зүгээс иргэдийнхээ амьдралын түвшинг дээшлүүлж, амьдрах орчинг сайжруулахын тулд бололцоотой гэсэн бүхий л арга хэмжээг авч ажиллахаа хэлсэн. Түүнчлэн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлтэй уулзаж, хамтран ажиллах санал, гэрээг үзэглэж эхэлсэн тухай онцолсон.

Уулзалтад ирсэн иргэд дүүргийн удирдлага болон Уул уурхайн сайд тэдний санал хүсэлтийг сонсч байгаад талархаж байгаагаа илэрхийлж байлаа. Харин бизнес эрхлэгчдийн зүгээс Нэмүү өртгийн албан татварын хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн саналыг хэлж байсан юм.