Ө.Ганбат: Хөдөө аж ахуйг механикжуулалт л хөгжүүлнэ
Магадгүй энэ салбарын талаар одоо л ярьж байгаа нь үнэхээр шүүмжилмээр. Гэхдээ өнөөдөр энэ тухай ярилцаж, монголоо гэсэн сэтгэлтэй хэн нэгний сонорт хүргэе. Металл боловсруулах, машин үйлдвэрлэлийн салбар эрчимтэй хөгжихөд хими, эрчим хүчний, барилгын материалын үйлдвэрлэлүүд дагаж хөгждөг жамтай.
Тэгэхээр энэ салбарыг хөгжүүлэхэд боловсон хүчнийг бэлтгэдэг ХААИС-ийн Механик технологийн тэнхимийн профессор эрхлэгч, доктор Ө.Ганбаттай ярилцлаа. Намайг очиход доктор маань жинхэнэ бүтээлтэйгээ сууж байлаа.
-Таны энэ шинэхэн бүтээлийн талаар ярилцья. Энэ таны докторын ажил гэсэн байх аа?
Хөдөө аж ахуйд их хэрэглэгддэг суман хошууны хийцийг сайжруулах чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. Манай улсын газар тариаланд нэг тулгамдсан асуудал нь хөрсийг боловсруулах асуудал байдаг. Үүнийг шийдэхэд гол шийдэх гарц нь ажлын хошуу буюу суман хошуу байгаа юм.
-Энэ эд ангийг манайх өөрсдөө хийж чадаж байгаа юу?
Тодорхой оролдлогууд хийж хийцийг нь сайруулж байгаа ч бараг бүгдийг нь 100 хувь импортоор авдаг. Ер нь манай улсад жилд 8000 ширхэг суман хошууны хэрэгцээ бий. Импортоор ирэх өртөг нь янз бүр байна. Канадын суман хошуу жишээ нь 120 доллар. Нэг суман хошуу нь нэг зун яваад л элэгддэг. Дараа нь дахиад солих шаардлагатай гэсэн үг.
-Үүнийг дотооддоо үйлдвэрлэх ямар боломж байна вэ?
Байлгүй яах вэ. Жишээ нь Эрдэнэтэд хийх боломжтой. Гэхдээ суман хошуу хийхэд зориулалтын лист төмөр хэрэгтэй.
-Тэр лист манайд байхгүй юу?
Бүгдийг нь хятадаас оруулж ирж байгаа. Гэхдээ төр засаг дэмжээд холбоодоор дамжуулаад салбарыг дэмжвэл бололцоотой.
-Та суман хошууны хийцийг сайжруулсан гэсэн. Энэ нь тийм ач холбогдолтой юм уу?
Тодорхой хэсгүүдийг нь салгаж аваад, нийлүүлж гагнасан юм. Энэ нь яг үйлдвэрлэе гэвэл 500 тонны штампаар дарах шаардлагатай болдог. Үүнийг хөнгөвчлөөд тус тусад нь хийгээд гагнаж болж байгаа юм.
Иймэрхүү байдлаар бид хөдөө аж ахуйн салбарт олон зүйлийг туршиж байна. Хөрсөө суман хошуугаар сийрүүлж, цацруулагчаар дамжуулж үрээ
Суман хошуу
цацаж өгдөг. Тэр цацруулагчийг импортоор хуванцар /пивор/ байдлаар ирж амархан элэгддэг.
Тэрийг хөнгөн цагаанаар цутгаж хийж байгаа. Хөдөө аж ахуйн чиглэлээр нэлээдгүй цутгамал эд ангийг хийх бололцоотой.
-Бололцоо байгаа мөртлөө яагаад хийж чадахгүй байгаа юм бэ?
Бизнесийн талаас нь харвал хөдөө аж ахуйн эд анги харьцангуй өндөр үнэтэй хэрнээ эрэлт хэрэгцээ нь бага. Гэтэл томоохон үйлдвэрүүд хэдэн тэрбумаар л ашиг олохгүй бол бизнес рүү ороход хүндрэлтэй байдаг шүү дээ.
Жишээ нь энэ суман хошуу жилдээ 800 ширхэг хэрэгтэй гэвэл, 500 сая төгрөг нийт өртөг нь болно. Дангаар нь хийгээд үйлдвэрлэл явуулья гэхээр учир дутагдалтай. Гэхдээ монгол улсад их хэрэгтэй мөртлөө томоохон үйлдвэрлэгчдэд ашиггүй. Тэгэхээр үүнийг цөөн хэмжээгээр үйлдвэрлэхийн тулд улс л дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.
-Чухам яаж?
Төр хөдөө аж ахуйн хөгжлөө бодоод тодорхой хэмжээгээр дэмжих л хэрэгтэй. Гэхдээ 100 хувь бүгдийг нь шийдээд яв гэж хэлэхгүй. Жишээ нь Солонгос, Хятад улс хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдлаа өөрсдөө бүрэн хянахын тулд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээ бүрэн дэмжлэг үзүүлдэг.
Ялангуяа манай оронд машин үйлдвэрлэл гэхээсээ илүү, тоног төхөөрөмж үйлдвэрлэх нь ашигтай. Илүү хялбар.
-Ингэж шийдсэнээрээ ямар ач холбогдолтой юм бэ?
Монгол орныхоо хөрс шороонд тохирсон тоног төхөөрөмж, эд ангитай болно. Одоо болохоор Хятад, Оросын нөхцөлд таарсан машиныг энд оруулж ирээд ажиллуулаад байгаа. Оросын суман хошуу шаванцар хөрсөнд зориулагдсан учраас манай хөрсөнд таарч, үндсээр нь сийрүүлж чаддаггүй. Оросдоо их сайн таараад байдаг.
-Та энэ санаагаа үйлдвэрлэгчдэд танилцуулсан уу. Хэрхэн хүлээж авч байна вэ?
Танилцуулсан. Ер нь хийцийг нь ингэж өөрчлөх нь зөв гэж байсан. Тэгээд инновацийн төсөл болгоод хийе гэж санаа гараад явж байна.
Хөдөө аж ахуйн салбарыг эрчимжүүлэх нэг үндэс нь хөдөлмөрийн багаж зэвсгийг аль болох гараар биш, механикжуулалтаар шийдэх асуудал.
Хөдөө аж ахуйн эрчимжүүлэлт механикжуулалтаас эхэлнэ
Төмөрлөг, машин үйлдвэрлэгчдийн холбоо ч энэ талаар ажиллаж байгаа. Засгийн газар аж үйлдвэрийн цогцолбор барих ажлыг эхлүүлж байгааг дэмжиж байгаа ч хэтэрхий удаан байгаа.
Төмөрлөг үйлдвэрлэгчдэд үүсдэг нэг асуудал нь тендерийн асуудал. Юу ч мэдэхгүй цүнх барьсан залуу ороод л тендер авчихдаг. Гэтэл түүний ард талд үйлдвэр нь байгаа юм уу, ямар туршлагатай юм, ерөөсөө шалгаж үздэггүй, үзсэн ч хуурамч байдаг. Тийм л хүмүүс хятадад хямдхан хийлгээд бүтээгдэхүүн аваад ирдэг. Энэ явдлыг зогсоох хэрэгтэй.