Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Засгийн газрын хуралдаанаар
2013.06.24

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Засгийн газрын 2013 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит хуралдаанаар 30 шахам асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Сумдыг хөгжүүлэх загвар баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар сумдын хөгжлийн загвар, сумдын хөгжлийн загварт хамаарах нийгмийн үйлчилгээний болон үйлдвэрлэл, бизнесийн барилга, байгууламжийн нэг маягийн загвар зургийн жагсаалтыг тус тус баталлаа.

Үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан төсвийн зардал хэмнэх нэг цэгийн үйлчилгээний цэг, нэг дор байрлан ажиллах байгууллагуудын барилгын жагсаалтыг мөн гаргасан байна.

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан яам, аймаг, дүүргийн 334 мэргэжилтнийг оролцуулсан өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Монгол Улсын 330 сум, нийслэлийн 9 дүүрэгт энэ хавар ажилласан юм. Тэд сумдыг хүн амын тоо, төвлөрлөөс нь хамааруулан 5 ангилалд хувааж, ангилал тус бүрт тохирсон нийгмийн үйлчилгээний болон үйлдвэрлэл, бизнесийн чиглэлээр баригдах барилга, байгууламжийн хүчин чадлыг тодорхойлж, нарийвчилсан тооцоо судалгааг газар дээрээс нь хийгээд ирсэн.

Сумдыг ангилсан байдал

Сумдад нэг маягийн зурагт хамаарах 2905 барилга байгууламж байна, эдгээрийн зургийг нэг бүрчлэн хийвэл 61 тэрбум төгрөг зарцуулна. Үүний оронд дээрх 2905 барилгыг хийцийн төрөл, газар хөдлөлтийн баллаас хамааран 102 ширхэгнэг маягийн загвар зургаар баривал 2.6 тэрбум төгрөгөөр шийдвэрлэх боломжтой.

Ингэж оновчтой менежмент хийснээр зөвхөн зургийн зардлаас гэхэд 100 ортой 50 цэцэрлэг барих хэмжээний буюу 58 тэрбум төгрөг хэмнэнэ гэсэн нэгдсэн дүнг ажлын хэсгийнхэн гаргажээ.

Энэ ажлыг шуурхай хэрэгжүүлж, нэг маягийн загвар зураг боловсруулах компаниудыгсонгон шалгаруулах ажлаа ирэх 7-р сарын 10-ны дотор зохион байгуулахыг Барилга, хот байгуулалтын яам, Эдийн засгийн хөгжлийн яаманд даалгалаа.

Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн гаалийн хяналтын бүс байгуулах тооцоо, судалгаа хийхийг даалгав.

Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн гаалийн хяналтын бүс байгуулах чиглэлээр тооцоо, судалгааг нарийвчлан хийх үүргийг асуудал хариуцсан сайд нарт өглөө.

"Эрдэнэс Тавантолгой" ХК Цогтцэций сум дахь Тавантолгойн уурхайгаас нүүрс тээвэрлэж, Ханбогд сумын нутагт байрлах Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд гаалийн бүрдүүлэлт хийлгэн экспортолдог. Сум дамнасан энэ тээвэрлэлтээс байгаль, хүнд учруулж буй хор хохирлыг бууруулах, нөгөөтэйгүүр төрийн өмчит компанийн үйл ажиллагааны зардал хэмнэх гарцыг Засгийн газар эрэлхийлж байна.

"Эрдэнэс Тавантолгой" ХКирэх гурван жилд Цагаан хадны гаалийн бүсэд нүүрс ачиж, буулгахад 68.8 тэрбум төгрөг зарцуулахаар байгаа, хэрвээ ийм бүс байгуулбал жилдээ ердөө 4.5 орчим тэрбум төгрөгийн урсгал зардал гаргана гэж урьдчилан тооцоолжээ.

Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтоос 23 км зайтай орших Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг 2006 оны 12 дугаар сард байгуулсан. Гаалийн болон мэргэжлийн хяналтын байгууллагуудаас нүүрс тээвэрлэлтэд хяналт тавих гол цэг гэх нэртэй ч одоо агаар, ус, хөрсийг их хэмжээгээр бохирдуулагч гол эх үүсвэр болоод байна.