Орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийн талаар иргэд санал бодлоо хэлж байна
“11 11” төв
2013.06.24

Орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийн талаар иргэд санал бодлоо хэлж байна

Шинэчлэлийн Засгийн газрын иргэдээ сонсох, тэдний санал хүсэлтийг хүлээн авах “11 11” төвд энэ сарын 12-20-нд эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, улсын бүртгэл, нийгмийн халамж, үйлчилгээ зэрэг чиглэлээр 1250 санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл ирсэн байна.

“11 11” төв иргэдийн санал хүсэлтийг харьяа байгууллага, албан тушаалтанд хаяглаж, хариу өгдөг. Ерөнхий сайдын нэр дээр ирж байгаа санал хүсэлтийн олонх нь орон сууцны 8 хувийн хүүтэй зээлтэй холбоотой асуултууд байна.

ХААН банкнаас жилийн 24 хувийн хүүтэй орон сууцны зээл авсан. Гурван жилийн хугацаанд зөвхөн зээлийн хүү нь 20 гаруй сая төгрөг болсон. Гэтэл гурван удаа зээлийн хүүг нэг өдрөөр хоцроож төлсөн гэсэн шалтгаанаар Засгийн газраас хэрэгжүүлж байгаа энэ хөтөлбөрт хамрагдаж чадахгүй болсондоо гомдолтой байна гэжээ.

Мөн 80 м2-аас илүү талбайтай байрны зээл авсан иргэд энэ зээлд хамрагдаж болохгүй байна, 30 хувийн урьдчилгаа төлбөрт хашаа байшин барьцаанд авахгүй байна гэхчлэн олон хүн ханджээ.

Өнгөрсөн пүрэв гаригт сэтгүүлчидтэй хийсэн “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтын үеэр Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг “8 хувийн хүүтэй зээлийн журам батлагдаад хэрэгжиж эхэлж байна. Амьдрал дээр ямар асуудлууд гарах нь вэ, иргэдийнхээ саналыг нээлттэй сонсож байгаа. Асуудлыг судлаад журамд өөрчлөлт оруулж, сайжруулах боломжтой” гэдгийг хэлсэн юм.