Сүүний төвлөрсөн фермерийн аж ахуйг хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй
Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд тулгамдаж буй асуудлын талаар “МОНСҮҮ” ХХК-ийн захирал С.Чинзоригтой ярилцлаа.
-Эхлээд компаниа товчхон танилцуулахгүй юу?
Манай МОНСҮҮ ХХК нь 1991 оноос хойш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа.
2012 оны сүүлийн хагас жилд 400 гаруй сая төгрөгийн техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн. Өвлийн улиралд сүүний олдоц муугаас хүчин чадлынхаа 20 хувьд л ажиллаж байсан бол хаврын улиралд буюу 5 сарын 15-наас хойш сүүний нийлүүлэлт эрс нэмэгдэж бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа.
Хоногт нийт 30 орчим тн сүү боловсруулдаг. Бүх насны хүүхдийн сүү, сүүн тэжээл, хүн амын өргөн хэрэглээний сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн зэрэгцээ, Монгол уламжлалт аргаар төрөл бүрийн цагаан идээг боловсруулж, нийт 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж байна.
-Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн хувьд тулгамдаж байгаа асуудал юу байна?
Сүүний нийлүүлэлт улирлын хамааралтай байдгаас зундаа элбэг, өвөлдөө олдоц маш тааруу. Үүнээс хамаараад сүүний үнэ ханш нь ховор үедээ өсдөг, элбэг үедээ буурдаг зах зээлийн бичигдээгүй хуульд захирагдсаар яваа.
МОНСҮҮ ХХК-ийн бүтээгдэхүүн
Манай орны хувьд сүү бэлтгэх өргөн боломж бий. Ганцхан тархай бутархай малчид, жижиг фермерүүд нэгдсэн зохион байгуулалтад орж, чанартай сүү бэлтгэх асуудал дээр хүндрэл их тулгарч байна. Хот суурин газруудад сүү, сүүн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ байсаар ирсэн.
Мөн сүүний чанар бол тулгамдаж байгаа асуудал. Сүүний чанарт нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйл байдаг. Нэгд, Үйлдвэр сүү бэлтгэн нийлүүлэхдээ өөрийн гэсэн онцлог технологийг ашигладаг. Гэтэл малчид маань тэр бүр технологийг нарийн мөрдөхгүй сүүгээ гар аргаар сааж, борлуулж хэдэн төгрөг болгохоо л гол болгох хандлага их байна.
Хоёрдугаарт, Сүүгээ өөрсдөө зөөгөөд төвлөрсөн цэгт хүргэх боломж тэр болгон айл бүрд байхгүй. Тиймээс гэрийнх нь гаднаас шууд худалдаад авч байгаа ченжид хэлсэн үнээр нь өгдөг. Шууд малчнаас авсан сүү, ченжээр дамжсан сүүний хувьд чанарын ялгаа байдгийг хэн хүнгүй мэдэж байгаа шүү дээ.
Гуравдугаарт мал эмнэлэг, ариун цэврийн асуудал яригдах ёстой. Саалийн үнээний урьдчилан сэргийлэх тарилга, туулгалт, эрүүлжүүлэх гээд тулгамдаж байгаа олон асуудал бий.
-Сүүний чанарыг хэрхэн хангаж байна бэ? Иргэдийн гар дээрээс сүү авах тохиолдолд савны ариун цэвэр, хөргөлт, тослогийн хэмжээ гэх мэт зүйлийг тооцож шинжилж авдаг уу?
Манай үйлдвэрийн хувьд байнгын гэрээтэй ажилладаг нийлүүлээгчдээсээ сүүгээ авахыг эрхэмлэдэг. Энэ нь олон талын давуу талтай. Худалдаж авсан сүүгээ лабораторийн шинжилгээнд хамруулж, сүүний тослог, эрүүл ахуйн чанарын үзүүлэлтүүдээр нь цехэд хувиарладаг.
Учир нь сүүн бүтээгдэхүүн онцлогоосоо хамаарч тослог шаарддаг юм. Сүү бэлтгэн нийлүүлэгчид технологи нарийн мөрддөггүйг дээр дурьдсан. Технологи гэдэгт зориулалтын хөнгөн цагаан саванд сүүгээ саах, шүүх, юүлэхээс эхлээд л яригдана.
Мөн хөргөлт маш чухал. Сүүгээ саахаас эхлээд л ариун цэврийн шаардлагыг чанд мөрдөж, зөв технологиор хөргөж чадвал чанартай холбоотой бэрхшээл багасна гэсэн үг.
- Фермерүүдээс сүү авах боломж хэр байна? хамтран ажиллахад тулгарч байгаа бэрхшээл байна уу?
Манайх ихэвчлэн төвлөрсөн фермерүүдтэй гэрээтэй ажилладаг. Тэдэнтэй хамтран ажиллахад малчидтай харьцахаас дөхөм байдаг. Олон давуу тал бий. Иймээс төр засгаас цаашдаа сүүний төвлөрсөн фермерийн аж ахуйг хөгжүүлэхэд бодлогоор дэмжих шаардлагатай гэж бодож байна.
- Саяхан сүүний үнэ унасан гэх мэдээлэл гарлаа. Сүүний холбооноос жагсаал хүртэл хийлээ. Үүнд ямар байр суурьтай байна?
Манай үйлдвэрийн тухайд сүүний холбооны мэдээлж байгаа шиг 300 төгрөгөөр сүүгээ аваагүй ингэтлээ буугаач үгүй. Үүнийг ганц би ч биш нийт сүүний үйлдвэрийн салбарт ажиллагсад бүгд л анхааралтай сонсож байсан. Миний бодлоор үйлдвэрүүдийн сүү худалдан авч байгаа үнэ биш, ченжүүд малчдаас очиж авдаг үнийг ярьж байна гэж ойлгосон шүү.
Сүү борлуулагчид
- Сүүн бүтээгдэхүүн их эмзэг. Хадгалалт тээвэрлэлтийн горимыг хэрхэн шийдэж байна бэ?
Сүү, сүүн бүтээгдэхүүн их эмзэг, тэр дундаа “МОНСҮҮ"-гийн бүтээгдэхүүн бүр эмзэг . Учир нь манай нэг ч бүтээгдэхүүнд ямар нэгэн тогтворжуулагч, өнгө оруулагч гэх мэт хадгалалтын хугацааг уртасгах нэмэлт бүтээгдэхүүн химийн бодис огт хийгддэггүй. Цэвэр сүүгээрээ л хийдэг.
Зарим хүмүүс манай бүтээгдэхүүнийг гашилдаг сүү, исдэг тараг гэж нэрлэдэг юм билээ. Аргагүй шүү дээ дэлгүүрээс адилхан бүтээгдэхүүн авахад нэг нь 2-3 хоноод гашлаад, нөгөө нь хэвээрээ байгаад байхаар тийм яриа гарсан хэрэг.
Уг нь яг цэврээрээ байгаа бол сүү болгон гашилж, тараг болгон исэх ёстой юм шүү дээ. Би энд юу хэлэх гээд байна вэ гэхээр МОНСҮҮ- гийн бүтээгдэхүүн ямар нэгэн хольцгүй, цагаан идээний найрлагад байдаг хүний биед хэрэгцээтэй амин дэм, илчлэг тэжээллэг чанараа бүрэн агуулсан бүтээгдэхүүн юм шүү гэдгийг л хэлээд байгаа юм.
- Сүүнд урамшуулал олгох талаар ярьж байгааг та хэр дэмжиж байна? тодруулах шаардлагатай асуудал хэр тулгарч байна бэ?
Сүүнд урамшуулал олгох асуудлыг дэмжиж байгаа. гэхдээ яаж олгох бэ гэдгийг нарийн тооцох л хэрэгтэй. Төрөөс малчдад олгох тэр мөнгө хэн нэгнээр дамжихгүй, танагдахгүй, хасагдахгүй малчны гар дээр очих ёстой.
Боловсруулах үйлдвэрт л сүүгээ нийлүүлсэн малчин, фермерт энэ урамшуулал олгогдохоор анх төсөл хэлэлцүүлэгт тусгасан. Тэр нь ч зөв байх. Чанар ариун цэврийн шаардлага хангахгүй орчинд гар дээрээс зарсан сүүнд төр урамшуулал олгож болохгүй.
-Тулгамдаж байгаа асуудлаас гарах арга зам буюу шинэ санал санаачилга хэлж өгнө үү?
Миний бодлоор Төрөөс фермерийн аж ахуйг дэмжиж УБ хотоос 150-300 км зайтай төв зам дагуу сүүний орчин үеийн фермерүүдийг бий болгох хэрэгтэй. Учир нь хотдоо хэт ойрхон бол бэлчээрийн даац, мал эмнэлэг ариун цэврийн шаардлага гээд асуудал үүснэ.
Мөн тархай бутархай малчдыг нэгтгэн зохион байгуулалтад оруулснаар малын эрүүл мэндийг сайжруулахаас эхлээд сүүний нийлүүлэлт, чанарт хяналт тавих гээд олон асуудлыг шийдэх боломжтой гэж бодож байна.
Үүнд төр засаг, орон нутгийн захиргааны дэмжлэг хэрэгтэй байна. Сүүнд урамшуулал олгох тухай дүрэм журмыг нарийвчлан боловсруулж батлан хэрэгжүүлэх хэрэгтэй. Аль аль талдаа ойлголт нь нэг биш байгаад олигтой үр дүнд хүрэхгүй байх вий гэж эмээж байна. Малчдын дунд сүүний мөнгө хэзээ өгөх бол гэсэн хүлээлт аль эрт үүсчихсэн.
Мөн Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлого яригддаг ч сүүний үйлдвэрийн салбарт энэ дэмжлэг мэдрэгдэхгүй байна. Хувийн хэвшлийн хэдэн сүүний үйлдвэр бор зүрхээрээ л өөрсдийгөө болгоод явж байгаа нь нууц биш. Төрийн бодлогоор сүүний үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй байна.
- Хүнсний аюулгүй байдлын тухай хууль үйлдвэрлэгчдэд хэр наалдацтай байна бэ?
Шинэ хууль хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Нэгэнт батлагдсан хуулийг хэрэгжүүлэх нь үүрэг. Эхний үед хүндрэл байсныг нуугаад яах вэ. Шинэ хуулиар өмнө хэрэглэж байсан бүх сав, баглаа боодол, хаяг шошгоо солих болоод, үйлдвэрлэгч нэр нь цөөхөн ширхэгээр үйлдвэрлэхгүй гэхээр үйлдвэрт санхүүгийн хувьд маш хүнд дарамт үүссэн.
Бүгд л адилхан энэ зовлонг туулсан. Цаашид энэ хуулийнхаа заалтыг бүх шатанд чанд мөрдөх л чухал. Хэрэглэгчдийн маань амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал учир онцгой анхаарах хэрэгтэй гэж боддог. Хууль нарийн заалттай болох тусам зөвхөн өөрийнхөө ашиг сонирхолд ашиглах гэсэн ганц нэг хүний явуургүй арга ажиглагдаж байсан.
Гэхдээ даваад гаргах хэрэгтэй. Тухайлбал Худалдаад авсан бүтээгдэхүүнээ өдөржин машиндаа авч яваад исэж пөмбийхөөр нь мэргэжлийн хяналтын байгууллагад гомдол гаргаад үйлдвэрээс хохирол нэхэмжлэх гэх мэт.
Борлуулалтад гарч буй бүтээгдэхүүнийг үйлдвэр дээр микробиологийн шинжилгээнд оруулж, амтлагаа хийж бүртгэл хөтөлдөг. Дээж нь зориулалтын хөргөгчинд хадгалагддаг болохоор мэргэжлийн хяналтын байгууллага ирж шалгаад шинжлээд үйлдвэрийн буруу биш болохыг тогтоогоод иймэрхүү асуудал шийдэгдэх жишээтэй.
Иргэд хэрэглэгчиддээ хандан хэлэхэд Монголчуудын олон мянган жилийн туршид хэрэглэж ирсэн уламжлалт эрүүл хүнс болох сүү, тараг, цагаан идээгээ дулааны улиралд өдөр бүр тогтмол хэрэглэж заншсанаар бид эрүүл чийрэг, урт удаан наслах болно. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, уламжлалт хүнсээ хэрэглэцгээе гэж уриалах байна даа.
Ярилцсанд баярлалаа.