Ч.Улаан: Хүй 7 худагт 85 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн барина
УИХ-ын гишүүн, Сангийн Сайд Ч.Улаан
2013.07.15

Ч.Улаан: Хүй 7 худагт 85 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн барина

Сангийн сайд, УИХ-ын гишүүн Ч.Улаан Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд ажнай хурдан морьдоо сойсон юм. Хүй долоон худаг дахь түүний галд зочилж, баяр наадам, хурдан морьдын талаар хуучилсанаа хүргэж байна.

-Та сайхан наадаж, байна уу. Хүлэг морьд хурдан. Хэдэн насны морьд сойв?  

-Сайхан наадаж байна. Нас насны морьд сойсон ч улсынхаа баяр наадамд дээд гурван насны морьдоо уралдууллаа. Бага насны морьдоо ирэх жилийн наадамд сойно доо.  Азарга маань 11-ээр давхиж, сайн л уралдлаа. Гэхдээ ажил маань жаахан дутуу байгаа нь ойлгогдлоо. Манай уяанаас их насны хоёр морь уралдаж, нэг нь 15-д, нөгөө нь 30-д хурдаллаа.

-Энэ жил Хүй долоон худгийн зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, засаж янзалсан нь наадамчин олны сэтгэлд хэр хүрч байх шиг байна?

-Олон хүнтэй уулзаж чадсангүй. Гэхдээ манай галаар орж гарч байгаа хүмүүсийн ярианаас ажихад наадамчин олны сэтгэл санаа гайгүй байх шиг байна. Энэ жил улсын наадмыг аятайхан тоос шороогүй хийчихье гэж Засгийн газраас нилээн юм хийсэн л дээ.

Ч.Улаан: Монгол түмэн минь баяр наадмаараа сайхан наадацгаагаарай

Юуны өмнө худалдаа үйлчилгээний цэгийг тоосгүй байхад анхаарсан. Наадамчдыг уйдаахгүйн тулд урлаг, спорт, соёлын арга хэмжээ, морин спортын тоглолтыг үзүүллээ. Үзэгчдийн морь үзэх бололцоог нэмэгдүүлэх зорилгоор 3 мянган суудал шинээр нэмж тавьснаар  үндсэндээ 5 мянган хүний суудалтай задгай цэнгэлдэх хүрээлэн шахуу  болсон. 7 мянган машины зогсоол барьлаа.

Дээрээс нь автомшины хөдөлгөөнийг сийрүүлэх  зорилгоор хойд чиглэл буюу Дарханаас ирдэг замтай холбосон шинэ зам тавьснаар харьцангүй бөглөрөл багатай байсан гэж байна. Ард олны тав тухтай наадахад  зориулан бидний хийсэн ажил бага гэлтгүй хүрсэн бололтой.

-Хүй долоон худгийг монгол наадмын төв болгох талаар яригдаж байгаа. Энэ талаар таны бодол?

 -Засгийн газар, хотын захиргаа, наадмын комисс хамтраад Монгол наадмын цогцолбор байгуулах төсөл боловсруулж, ажил хэрэг болгож эхлээд байна.  Энэ жилийн хийсэн ажлууд бол уг төслийн эхлэл нь гэж ойлгож болно. Тэр ч бүү хэл зураг төсөл нь хийгдчихсэн байгаа  85 мянган хүний суудалтай том цэнгэлдэх хүрээлэн барих төлөвлөгөөтэй байна.

Одоогийн байгаа Төв Цэнгэлдэх хүрээлэн маань 15 мянган хүний суудалтай шүү дээ. Түүнээс том багтаамж сайтай, гадаадын тэмцээн уралдаан зохион байгуулдаг стадионы стандартаар баригдана. Түүнчлэн монгол морин уралдаан, дэлхийн сонгодог морин уралдааны төвүүд ч байгуулна.

Ингэснээр монголчууд маань Хүй долоон худагт наадмынхаа цогцолборыг зорин дэнж хотойтол нааддаг. Гадаадаас ирсэн зочид гийчид Хүй долоон худагт ирснээр монгол наадам, зан заншил, ёс жаягийг хамтад нь үзэх цогцолбор болгох төлөвлөгөө байна. Энэ жилийн ажил бол энэ бүхний эхлэл юм.

-Улсын баяр наадамтай залгуулаад хөдөө орон нутагт аймгуудын наадам үргэлжилнэ. Наадамчин олондоо захиж хэлэх үг?

-Монгол түмэн минь баяр наадмаараа сайхан наадацгаагаарай. Хамгийн гол нь байгаль орчноо бохирдуулалгүй, өөрсдөө тав тухтай сайхан наадаарай гэж хүсмээр байна. Өчүүхэн бага гэлтгүй бидний хийсэн ажлыг тоож харж, үнэлж байгаад талархаж байна.

Бусдынхаа хийж бүтээснийг хүндэтгэж, бие биедээ баяр баясал бэлэглэж байгаасай. Тэгвэл хийж бүтээж, сэргээн босгож байгаа бүхэн маань арвижих болно. Тэгэхгүй бол нэг нь хийгээд, нөгөө нь сөнөөгөөд байж болохгүй.

Хүн бүр хичээл зүтгэл гаргаж, монгол зан заншил, уламжлалаа хадгалсан Монгол наадмын цогцолбортой  болох цаг болсон. Ингэснээр дэлхийд ганцхан монгол наадмыг  зорин ирэх гадаадын жуулчдын тоо ч нэмэгдэх юм.