Сангийн сайд төслийг аль болох богино хугацаанд, үр дүнтэй хэрэгжүүлэхийг хүслээ
2011.06.14

Сангийн сайд төслийг аль болох богино хугацаанд, үр дүнтэй хэрэгжүүлэхийг хүслээ

Сангийн сайд С.Баярцогт Монгол улсад зохион байгуулагдаж байгаа Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Комиссын хуралдааны дараа тус комиссын Хятадын хэсгийн дарга, БНХАУ-ын Худалдааны яамны дэд сайд Чэн Зянийг хүлээн авч уулзлаа.

Сангийн сайд С.Баярцогт Монгол улс, БНХАУ хоёр сайн хөршийн ёсоор уламжлалт сайхан харилцаатай бөгөөд энэхүү харилцаа жилээс жилд улам гүнзгийрч, БНХАУ-аас үзүүлж байгаа тусламж дэмжлэг өсөн нэмэгдэж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийллээ.

 Уулзалтын өмнө  хоёр тал Засгийн газар хоорондын эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт болон Монгол Улсын Сангийн яам, БНХАУ-ын Эксим банкны хооронд 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын орон сууцны төсөл”, “Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн худалдан авах төсөл”-ийн зээлийн тусгайлсан хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Эдгээр арга хэмжээ амжилттай болсонд хоёр тал сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

 БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй 30 сая юаний буцалтгүй тусламжийн хөрөнгийг ард иргэдийн ая тухтай байх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглүүлж, нийслэлийн автозам, гэрэлтүүлгийг сайжруулах төсөл хөтөлбөрт ашиглах сонирхолтой байгаагаа Сангийн сайд илэрхийллээ Түүнчлэн өмнө хийгдэж байсан БНХАУ-ын буцалтгүй тусламжийн үлдэгдэл хөрөнгийг Бээжин хотын нэрэмжит гудамж, замын тохижолт, их дээд сургуулийн хотхон барьж байгуулахад ашиглахаар төлөвлөөд байгаагаа мөн танилцуулсан юм.

БНХАУ-ын Засгийн газартай байгуулсан 300 сая ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн даруу Монгол улсын Засгийн газраас хариуцах 15 хувийн урьдчилгаа төлбөрийг тодорхой хувиар хувааж төлөхөөр Эксим банктай тохиролцоод байгаа. Үүний хамт төслийн тодорхой санхүүжилт хийгдэж, бэлтгэл ажил хангагдаад, үйл ажиллагаа тасралтгүй хэрэгжих нөхцөл бүрдсэн. Тиймээс Хятадын талын гүйцэтгэгч компаниуд хоёр орны хамтын ажиллагааг эрчижүүлэх, найрсаг харилцааг улам бэхжүүлэх үүднээс төслийг аль болох богино хугацаанд, үр дүнтэй хэрэгжүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй байна гэдгийг Сангийн сайд С.Баярцогт хүслээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.