МАН Их хурлаараа улс орны хөгжлийн чиг хандлагыг хэлэлцэнэ
МАН-ын бага хурал
2013.08.15

МАН Их хурлаараа улс орны хөгжлийн чиг хандлагыг хэлэлцэнэ

МАН-ын Их хурал аравдугаар сарын 27-д хуралдахаар болсон билээ. Ажиглагчид тус намын энэ удаагийн Их хурлаар “Шинэчлэл”-ийн уур амьсгал бүхэлдээ өрнөнө хэмээн харж буй.

Нэг хэсэг нь намын дүрэм, удирдлага, зохион байгуулалтын бүтцээ бүхэлд нь өөрчилж, шинэ дүр төрхтэйгээр ажиллаасай гэж санаа чилээж байгаа бол юу болохыг битүүхэндээ сонирхон хүлээж байгаа хэсэг ч бий.

Гэхдээ олон нийт, ард иргэд МАН-ыг Их хурлаа зөвхөн хэдэн дарга цэргийнхээ асуудлыг яриад, өнгө зүс хувиргах төдийхнөөр өнгөрөөсэй гэж үзэхгүй байгаа нь мэдрэгдэж эхэллээ.

Ялангуяа, улс орныхоо хөгжлийн өмнөх бүхий л үе шатад тусгаар тогтнолоо хамгаалж, эдийн засгийг чирч, ачааны хүндийг үүрч ирсэн тулхтай, бодлоготой улс төрийн хүчнийх нь хувьд МАН улс орны эдийн засаг, нийгмийн өнөөгийн нөхцөл байдалд ямар үнэлэлт дүгнэлт өгч, хямарлыг хэрхэн даван туулах, мөн цаашдын өсөлтийг хангах талаар ямар бодлого барьж байгааг олон нийт анхааралтай ажиглаж байна.

Тиймээс МАН-ын Удирдах зөвлөлөөс Их хуралдаа бэлтгэх хүрээнд долоон Ажлын хэсэг байгуулсан. Үүнээс УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, Ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогтын ахалсан улс орны хөгжлийн бодлогыг боловсруулж Их хурлаар хэлэлцүүлэх ажлын хэсэг нэлээд анхаарал татаж буй. МАН ээлжит Их хурал болгоноороо хөгжлийн стратегийн бодлогын баримт бичгүүдийг баталж, түүнийгээ хэрэгжүүлж ирсэн.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт

Энэ сарын 13нд хуралдсан тус ажлын хэсгийн анхны хуралдаан дээр УИХ-ын гишүүн С.Бямбацогт “УИХ 2008 онд Мянганы хөгжлийн цогц бодлогыг баталсан бөгөөд үүнийг барьж мөрдөх асуудал шинэ Засгийн газарт хангалттай сайн явж ирсэнгүй.Харин ч эсрэгээрээ мартагдах тал байна.

Магадгүй энэ нь хэт тунхагийн шинжтэй эсхүл нүсэр болж, олон нийтэд ойлгогдож дэмжлэг авч чадаагүйтэй ч холбоотой байж мэдэх юм. Манай нам 2012 оны сонгуулийн өмнө “Ард түмний мөрийн хөтөлбөр” гэх урт хугацааны хөгжлийн бодлогыг дэвшүүлж, сонгуульд оролцсон. Харамсалтай нь сонгуульд амжилт муутай оролцсон нь түүнийгээ хэрэгжүүлэх боломжийг алдууллаа.

Дээр нь шинэ Засгийн газар манай намаас дэвшүүлсэн дээрх хөтөлбөрийн гол гол зорилтуудыг авч хэрэгжүүлэхээс татгалзсан нь өнөөгийн эдийн засаг, санхүүгийн бэрхшээл үүсэх нэг үндэслэл болсон. Учир нь Шинэчлэлийн Засгийн газар тийм гээд хэлчих ямар ч барьцтай хөгжлийн концепцигүй байгаа нь өнөөдөр улам бүр тодорч харагдах боллоо.

Нөгөө талаар Ард түмний хөгжлийн хөтөлбөрийг манай нам баталж байх үеэс эдийн засгийн нөхцөл байдал муу талруугаа хэлбийж, суурь болгож байсан үзүүлэлт, индексүүд өөрчлөгдсөн нь түүнийг дахин авч үзэж тодотгоход хүргэж байна” гэдгийг онцолж хэлсэн.

Тус Ажлын хэсэг нь 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан бөгөөд үүнд Л.Энх-амгалан, Н.Номтойбаяр, Ц.Дашдорж нарын УИХ-ын гишүүдээс гадна тус намын бодлогын байнгын хороод, эрдэмтэн судлаач, ялангуяа залуу судлаачдын төлөөллийг түлхүү багтаасан байв.

Тэд хөтөлбөрөө боловсруулахаасаа өмнө УИХ, МАН-аас дэвшүүлж байсан бодлогын хөтөлбөрүүдэд үнэлэлт өгөх, хэрэгжээгүй буюу олон нийтэд хүрч дэмжлэг авч чадаагүй асуудлуудад бодитой дүгнэлт, шүүмж, хэлэлцүүлэгүүд өрнүүлэх, дан ганц намынхаа гишүүдээр хязгаарлалгүй иргэд, судлаачдыг түүндээ татан оруулж “ОРОЛЦООНЫ АРДЧИЛАЛ”-ын зарчимыг чухалчлах гэх мэт олон чухал санал санаачлагыг гаргаж байлаа.

Тухайлбал, эдийн засагч Н.Дашзэвэг: “Хөгжлийн стратеги гэдэг талаас нь харж боловсруулъя. Бид Дотоодын нийт бүтээгдэхүүнээ л яриад байдаг. Дундаж анги яаж төлөвших, шалгуурууд алга байна. Эдийн засгийн хөгжлийн гурван тогтсон шат болох мэдлэг, инноваци, түүхийн эдийн гэсэн шалгуураар хэмжигдэж байна.

Аймаг, орон нутгийн хөгжлийн асуудлыг ч хамтатган яръя” гэсэн бол тус Намын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Н.Чинзориг: “Манай Намын боловсруулсан хөтөлбөрүүд яагаад хэрэгжих боломжоо алдав, яагаад хүнд хүрэхгүй байна вэ гэдгийг дүгнэлт хийх нь зүйтэй. Тэгж байж илүү сайн бодлого дэвшүүлнэ” гэсэн зарчмын саналуудыг гаргаж байв.

Ямартай ч МАН Их хурлаараа хөгжлийн чиг хандлагыг хэрхэн харж буйгаа хэлэлцэж бодлогоо тодорхойлох нь тодорхой болж байна.