Гадаад харилцааны сайд Л.Болд, Шинэ Зеландын Гадаад хэргийн сайд Маррэй Маккалитай уулзлаа.
2013.08.20

Л.Болд Шинэ Зеландын сайдтай уулзлаа

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Шинэ Зеландын Гадаад хэргийн сайд Маррэй Маккали манай улсад албан ёсны айлчлал хийж байна.

Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийж,  хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцож, бүс нутгийн болон олон улсын тавцанд бие биенээ дэмжин ажиллахаа нотоллоо.

Монгол, Шинэ Зеландын харилцааг өргөжүүлэхэд иргэд хоорондын харилцан ойлголцол, харилцаа нэн чухал болохыг тэмдэглэж, эхний ээлжинд дипломат болон албан паспорттой иргэдийг харилцан визгүй зорчуулах асуудлыг хоёр тал судлан ажиллахаар тохиролцов.

Сайд нар Монгол, Шинэ Зеландын Гадаад харилцааны яамд хоорондын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа.

Хэлэлцээний үеэр Монгол Улсад ажиллах өөрийн Өргөмжит консулыг ойрын хугацаанд томилон ажиллуулахаа Шинэ Зеландын тал албан ёсоор мэдэгдлээ.

Сайд Маррей Маккалли хоёр орны харилцааг хөгжүүлэхэд өндөр, дээд хэмжээний харилцан айлчлал, яриа хэлэлцээ чухлыг тэмдэглээд Гадаад харилцааны сайд Л.Болдыг Шинэ Зеланд Улсад айлчлахыг урилаа.  

Хэлэлцээний төгсгөлд, сайд нар Монгол, Шинэ Зеландын Гадаад харилцааны яамд хоорондын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж, хэвлэл мэдээлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

Сайд Маррэй Маккалли Шинэ Зеландын хөгжлийн тэтгэлгээр тус улсад  боловсрол эзэмшсэн, мөн төрийн албан хаагчдад зориулсан Шинэ Зеландын англи хэлний төрөлжсөн сургалтад хамрагдсан монгол иргэдийн төлөөлөлтэй уулзсан юм.