ДЭМБ-ын Ерөнхий захирал Маргарет Чан, Ерөнхийлөгчид бараалхлаа.
2013.08.14

Монгол Улсын Ерөнхийлөгчид ДЭМБ-ын Ерөнхий захирал бараалхав

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын Ерөнхий захирал хатагтай Маргарет Чан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхав. Түүнтэй хамт ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Су Нюунт, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нар бараалхлаа.

Хатагтай Маргарет Чан Монгол Улсад анх удаа айлчилж, айлчлал амжилттай болж буйд сэтгэл хангалуун байгаагаа уулзалтын эхэнд хэлж Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийллээ.

Тэрээр айлчлалынхаа хүрээнд ЭМЯ-ны удирдлагуудтай уулзаж, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан тухайгаа уулзалтын үеэр дурдлаа.

П.Н.Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгт ажиллах үеэрээ ДЭМБ-тай хамтран ажиллах бүрэн боломжтой, улсынхаа хэмжээнд загвар болохуйц үйл ажиллагаатай болохоор зорьж буй эмнэлэг гэдгийг үзэж мэдсэн гэв.

П.Н.Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгт ажиллах үеэрээ ДЭМБ-тай хамтран ажиллах бүрэн боломжтой гэж үзсэн гэв.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт сайн байгаа, энэ өсөлтийг хүн амынхаа эрүүл мэндэд чиглүүлэн ажиллах нь чухал гэдгийг хатагтай Маргарет Чан мөн онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Засгийн газар, ДЭМБ-ын хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж ДЭМБ-ын Ерөнхий захирал хатагтай Маргарет Чан айлчлалынхаа үеэр Монгол Улсын Төрийн тэргүүнд бараалхаж буйд нь талархаж буйгаа хэллээ.

Монгол Улсын Засгийн газар ДЭМБ-ын бодлого, хөтөлбөрүүдийг дэмжиж улс орныхоо онцлогт тохируулсан үндэсний хөтөлбөрүүд боловсруулан амжилттай хэрэгжүүлж ирснийг мөн дурдсан юм.

Монгол Улс нь 2009 оны сүүлээр дэгдсэн томуугийн А хүрээний Н1N1 цар тахлын эсрэг вакциныг ДЭМБ-ын шугамаар хүлээн авсан анхны орнуудын нэг бөгөөд Монгол Улсын Засгийн газар хүнийг өвдсөн хойно нь бус, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх стратегийг барин ажиллаж байгаа талаар танилцуулав.

Уулзалтын үеэр

Хатагтай Маргарет Чан Монгол Улс хэдийгээр хүн ам цөөтэй жижиг улс боловч амжилттай хөгжиж дэвшиж, тэр хэрээр хүн амын эрүүл мэндэд ч ахиц гарч байгааг тэмдэглэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ДЭМБ-ын Тамхины суурь конвенц нь олон улсын хэмжээнд тамхины хяналтыг сайжруулах, тамхи татах үзэгдлийг бууруулахад ихээхэн үр ашигтай механизм болж буйг дурдаад

Монгол Улсад энэ жилээс Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж, ард иргэдийн зүгээс хуулийг сайшаан хүлээж авч, сайн хэрэгжүүлж, хуулиа мөрдөж байгааг тэмдэглэж байв. Мөн архины хор уршигтай тэмцэх, архидалтын эсрэг үйл ажиллагааг монголчууд өрнүүлж буйг дурдлаа.

Дэлхийн бусад олон орны нэгэн адилаар Монгол Улсад ч архитай холбоотой сөрөг асуудлууд байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч архины хэрэглээг хянах тухай санаачилга дэвшүүлэн архины эсрэг аяныг орон даяар өрнүүлээд байгаад хатагтай Маргарет Чан талархал илэрхийлж байв.

Маргарет Чан Монгол Улс архины хор, аюулын эсрэг тэмцэж, Тамхины хяналтын хуультай болсныг сайшаав.

Мөн ДЭМБ-ын гишүүн орнуудын дунд нэгдсэн нэг ойлголт бий болгох замаар архины хортой хэрэглээний хяналтын конвенц боловсруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар ажиллахаар төлөвлөж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ДЭМБ-ын Ерөнхий захиралд мэдэгдэж, дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Дээр дурдсан чиглэлүүдэд тулгуурлан ДЭМБ-ын экспертүүдийн оролцоотой үндэсний хэмжээний зөвлөгөөн зохион байгуулах төлөвлөгөөтэй байгааг дурдсан юм. Мөн хүн амын эрүүл мэндэд анхаарч Засгийн газрын бүтцэд Соёл, спорт, аялал жуулчлалын яам байгуулан спорт хариуцсан яамтай болсныг дурдав.

ДЭМБ-ын Ерөнхий захирал Маргарет Чан Монгол Улс архины хор, аюулын эсрэг тэмцэж, Тамхины хяналтын хуультай болсныг сайшааж байв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гурван жилийн өмнө гэхэд Монгол Улсад архины188 үйлдвэр ажиллаж байсан бол одоо энэ тоо үлэмж буурч, олон тооны үйлдвэрийг хаасан, тэр хэрээр архины хэрэглээ буурч байгааг онцолж, үүнийг сонссон хатагтай Маргарет Чан үнэхээр гайхамшигтай үр дүн гарсан байна хэмээн талархаж байлаа.