Уул уурхайн сайд Алт олборлогч аж ахуйн нэгжийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
Уул уурайн сайд Д.Ганхуяг
2013.08.20

Уул уурхайн сайд Алт олборлогч аж ахуйн нэгжийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

Уул уурхайн сайд өнөөдөр алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хүлээн авч уулзав.

Уулзалтанд Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо, “Жамп”, “Шар нарст”, “Мондулаан трейд” зэрэг компанийн төлөөлөл оролцлоо.

Энэхүү уулзалтын үеэр уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж буй асуудлын талаар харилцан санал солилцлоо. Уулзалтанд оролцсон компанийн удирдлагууд Урт нэртэй хуулиас болоод алт олборлогч олон аж ахуйн нэгж “хаалгаа” барьсан болон усны төлбөр 10 дахин нэмэгдсэн нь өртөг зардлыг өгсөж байгаа талаар дурдаад төрийн байгууллагууд хүнд суртал ихтэй байгаа талаар салбарын сайддаа уламжлав. 

Уул уурхайн сайд Д.Ганхуяг Засгийн газар, Уул уурхайн яам баялаг бүтээгчдийг дэмжиж ажиллаж байгаа гэдгийг онцлоод Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахын хориглох тухай хуулийн дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах хуулийн төсөл бэлтгэж байгаа талаараа танилцуулав.

Мөн салбарынхаа мэргэжлийн холбоодтой мэдээлэл солилцох, тэдний санаа бодлыг Засгийн газар, Уул уурхайн яамнаас гарч буй баримт бичгүүд болон ажиллагаандаа тусгаж ирсэнийг онцлов.