МЭДЭГДЭЛ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, УИХ-ЫН ДАРГА, ЕРӨНХИЙ САЙД ТАНАА ХУВИЙН ХЭВШЛИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛӨӨС ХҮРГЭЖ БУЙ МЭДЭГДЭЛ
2013.08.22

МЭДЭГДЭЛ

Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөл нь Монголын Улсын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулагч, олон салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн төлөөллийн байгууллага бөгөөд Монголын хувийн хэвшил, бизнесийн бүх байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Сүүлийн саруудад нийгэм эдийн засгийн хувьд түгшүүртэй үзэгдлүүд олноор бий боллоо.

Монгол Улсын экспорт жилийн дотор 10%-иар унаж, түүний дотор 2012 оны мөн үетэй харьцуулахад нийт эрдэс бүтээгдэхүүний экспорт 20 орчим хувиар, нүүрсний экспорт 50%-иар буурч, хөрөнгө оруулалтын орчин ихээхэн муудаж байна.

Тухайлбал: Монголын эдийн засаг дахь гадаад, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт эрс багасан, төлбөрийн баланс 1.6 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, валютын наашлах урсгал зогссоны улмаас валютын ханш сүүлийн жилүүдэд байгаагүйгээр савалсан нь үнэ өсөх, инфляци нэмэгдэх, амьжиргааны түвшин доошлоход хүргэсэн хүчтэй хүчин зүйл болсны дээр, Монгол Улсын экспорт жилийн дотор 10%-иар унаж, түүний дотор 2012 оны мөн үетэй харьцуулахад нийт эрдэс бүтээгдэхүүний экспорт 20 орчим хувиар, нүүрсний экспорт 50%-иар буурч, хөрөнгө оруулалтын орчин ихээхэн муудаж байна.

Дэлхийн тавцанд Монгол Улсын нэр хүнд буурч, улсаас гаргасан өрийн бичгийн (бондын) ханш унаж, бизнесийн улс төржилт дээд цэгтээ хүрч, улс төрийн өнгө аястай шийдвэрүүд бизнесийн орчныг ихээхэн дордуулсаар байна.

Улмаар олон аж ахуйн нэгжүүдийн ажил зогсонги байдалд орж, олон мянган хүмүүсийн аж амьдрал, ахуй байдал нь доройтож, ажилгүйдэл, ядуурал эрс нэмэгдэх төлөвтэй боллоо. Иймд бидний зүгээс төр засагт хандан хямралтай холбогдуулан яаралтай арга хэмжээ авахыг уриалж байна. Үүнд:

  1. “Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль” батлагдсанаар болон бизнесийн эрх чөлөөг хязгаарлах татварын багц хуулиуд батлагдах гэж байгаатай холбогдон улс орны эдийн засагт хөрөнгө оруулалт зогсонги байдалд орж, хүлээгдэж байсан олон төрлийн чухал бүтээн байгуулалт хойшлох, Монгол Улсын хувьд стратегийн томоохон хөрөнгө оруулалтууд болох Оюутолгой, Тавантолгой, төмөр зам, дулааны цахилгаан станцуудын ажил ахицгүй болж, гадаадын өрийн дарамт өсөн нэмэгдэж байгаа өнөө үед эдийн засгийн өсөлт, хөгжил унах уршиг дагуулж байна. Иймээс бизнес, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчноо эргэж харах, сайжруулах, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх таатай эрх зүйн орчинг яаралтай бүрэлдүүлж, хөрөнгө оруулалтыг улс төрийн нөлөөнөөс хамгаалах, дэмжих;

  2. Экспорт, ялангуяа түүний дотор 50%-иар буурсан нүүрсний экспортыг сэргээх, экспортыг дэмжих бодлогыг хэрэгжүүлэх, экспортыг тогтвортой нэмэгдүүлэх, транзит тээврийн асуудлыг шийдэж арга хэмжээ авах, холбогдох дэд бүтэц, экспортын төмөр замыг байгуулах асуудлыг цаг хугацаа алдалгүй шийдэх Монголын экспортын зах зээлийг баталгаажуулахын төлөө тууштай ажиллах, бодлогын асуудлыг шийдэхэд хувийн хэвшлийг татан оролцуулах.

  3. Бизнесийн орчин муудаж, төрийн зохицуулалт хэрээс хэтэрч бүх салбарт ноёрхож, улс төрийн өнгө аястай шийдвэрүүд, улам нэмэгдэж буй төрийн болон татварын дарамтаас болж томоохон болон жижиг дунд үйлдвэрүүдийн хөрөнгө оруулалтууд зогсож, хүлээгдэж байсан эдийн засгийн өсөлт удааширч, ажилгүйдэл, ядуурал огцом нэмэгдэж, Засгийн бодлогын талаар таагүй уур амьсгал үүсч, нийгмийн доторхи нөхцөл байдал маш хурцдахаар болж байна. Иймээс төрийн зохицуулалтыг шударга, цомхон, оновчтой болгох, эдийн засгийн эрх чөлөөг сэргээх, төрийн дарамтыг багасгах, төрийн зохицуулалтыг өөрийг нь хуульчлах бодит хэрэгцээ, шаардлага гарч байна гэж үзэж байна.

ХУВИЙН ХЭВШЛИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ, СЕО КЛУБ, МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ, МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ЗӨВЛӨЛ, МОНГОЛЫН АЖИЛ ОЛГОГЧ НАРЫН ҮНДЭСНИЙ ХОЛБОО, МОНГОЛЫН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООДЫН ЗӨВЛӨЛ