Г.Батхүү: Транзит тээврийн салбарт урт хугацааны тогтвортой бодлого хэрэгтэй
УИХ-ын гишүүн Г.Батхүү
2013.08.23

Г.Батхүү: Транзит тээврийн салбарт урт хугацааны тогтвортой бодлого хэрэгтэй

Саяхан «Монголын төмөр замын хөгжлийн асуудлууд» сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болсон билээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Батхүүтэй ярилцсан юм.Тэрбээр УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан «Дамжин өнгөрөх тээвэр, логистикийн бодлого тодорхойлох» ажлын хэсгийг ахалж байгаа юм.

-Төмөр замын салбар сүүлийн үед нэлээдгүй шүүмжлэл дагуулаад байгаа. Таны хувьд энэ ажлын хэсгийг ахалж байгаа учраас төмөр замын талаар нэлээд судласан байх гэж бодож байна?

-Манай улсын хувьд хоёр том гүрний дунд далайд гарцгүй оршдог. Хэдийгээр энэ нь сул тал боловч давуу тал болгон ашиглах бүрэн боломж бидэнд бий. Ази, Европыг холбосон хуурай болон агаарын хамгийн дөт зам зөвхөн манайд л байгаа. Түүнчлэн хоёр хөрш маань хүртэл транзит тээвэр хөгжүүлэх тал дээр ярилцаж Монгол Улстай хэлэлцэх хэрэгтэй гэсэн нь бидэнд хэр их боломж байгааг харуулж байгаа юм. Тиймээс бид транзит тээврийг хөгжүүлэхээр ажиллаж байна.

Дэлхийн хэмжээний том транзит тээврийн зах зээлийг хүссэн хэмжээний ашгаа хүртэж чадвал цаашид улсын төсвийн нэлээдгүй хэсгийг энэ салбар бүрдүүлж чадна.

Ингэснээр уул, уурхайн баялгийг дэлхийн тавцанд өрсөлдөхүйц үнээр богино хугацаанд хүргэх боломжтой. Түүгээр ч зогсохгүй дэлхий дахинд бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэж байгаа энэ үед шаардлагатай түүхий эд, бараа бүтээгдэхүүн, байгалийн баялагийг өөрийн нутгаар богино хугацаанд тээвэрлэж түүнээсээ ашиг олох нөхцөл боломж нь нээлттэй.

-Бага хурлын үеэр бараа, таваарын тээвэрлэлтээс гадна хоолойн тээврийн талаар яригдаж байсан?

-Эрчим хүчний шугам, хийн хоолой, нефтийн хоолойг өөрийн нутгаар дамжуулж ашиг олох боломжтой. Түүнчлэн шаардлагатай гэвэл өөрсдөө түүнээс хямд үнээр бүтээгдэхүүн авч дотоодын зах зээлээ хангаж ч болно. Бид ч энэ замаар бүтээгдэхүүн нийлүүлэх боломж харагдаж байгаа. Дэлхийн хэмжээний том транзит тээврийн зах зээлийг хүссэн хэмжээний ашгаа хүртэж чадвал цаашид улсын төсвийн нэлээдгүй хэсгийг энэ салбар бүрдүүлж чадна.

Хэрвээ цаг хугацааны хувьд хоцрох юм бол энэ урсгал биднийг тойроод гарчихна. Дараа нь түүнтэй өрсөлдөхүйц холболтыг хийж Монголоор дайруулж гаргана гэдэг хүндрэлтэй. Гэхдээ хоолойн тээвэр гэдэг ойлголт бидний хувьд шинэ зүйл учраас хэн хариуцах ёстой, эрх зүйн зохицуулалт нь ямар байх вэ, хэд орчим төгрөг авах вэ гэдгийг хараахан шийдээгүй байна.

-Төрөөс төмөр болон агаарын замын салбарт баримтлах бодлого боловсруулсан. Үүнд транзит тээврийн талаар тусгагдсан уу?

-Төмөр замын салбарт төрөөс баримтлах бодлого мөн транзит тээврийг хөгжүүлэх хөтөлбөр гэж бий. Үүнд дотоодын тээвэрлэлтийн асуудлыг түлхүү тусгаж өгсөн.

Транзит тээврийн хөтөлбөр 2008 оноос хойш хэрэгжиж 2015 онд дуусах ч үр дүн нь тааруухан байгаа. Тиймээс хөтөлбөрийг сайжруулж, хэрхэн том алхам хийх вэ гэдгийг ярилцаж байна.

Одоо төмөр замаа барьж, дэд бүтэц болон транзит тээврийг  эрчимтэй хөгжүүлэх нь чухал. Өөрөөр хэлбэл, дотоодын бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд хэнээс ч хараат бусаар хямд зардлаар гаргах нөхцлийг бүрдүүлэх  боломж бүрдэнэ гэдгийг бүгд ойлгох хэрэгтэй.

-Удаан хугацааны турш яригдаж байгаа чөлөөт бүсийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ. Чөлөөт бүс байснаар транзит тээвэр хөгжих суурь болно биз дээ?

-Тээвэр логистикийн хууль санаачлаад УИХ-ын намрын чуулганд бэлдэж байгаа. Чөлөөт бүс, боомтуудын хөгжлийн асуудал өөрөө энэ транзит тээврийн асуудалтай салшгүй холбоотой. Үүнийг бодлогын хүрээнд гаргаж ирэх ёстой. Гол нь Засгийн газар энэ тал дээр юу хийв, цаашид юу хийхээр төлөвлөв, хууль эрх зүйн хүрээнд юуг нь баталгаажуулах ёстой вэ гэдгийг сайн тооцох хэрэгтэй. Магадгүй Засгийн газраас 50-100 жилийн хугацаатай бодлого боловсруулах шаардлагатай. Тэгж байж үр дүн, хөрөнгө оруулалт, хөгжлийн асуудлуудыг хэлэлцэж үр дүнд хүрнэ.

Түүнээс биш Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд харж, хойрго хандаж болохгүй. Үүний зохицуулалтад анхаарал хандуулахын тулд УИХ-д суудалтай намууд, бие даагч гээд бүх төлөөллийг багтаасан 11 гишүүнээс бүрдсэн ажлын хэсэг байгуулсан. Бид энэ ажлыг улстөржихгүйгээр, зөвхөн улс орныхоо эрх ашгийн төлөө хамтдаа нэгдэн шийдвэр гаргах ёстой юм. Гэвч бид тийм шийдэлд хараахан хүрч чадахгүй л байна.

-Хэрвээ бодлогыг зохих түвшинд боловсруулж чадахгүй бол?

Ийм урт хугацааны бодлого боловсруулж чадахгүй бол төмөр замаар дамжин өнгөрүүлж буй бараа материалаа бусад улс орнууд татаж эхэлнэ.

-Ийм урт хугацааны бодлого боловсруулж  чадахгүй бол төмөр замаар дамжин өнгөрүүлж буй бараа материалаа бусад улс орнууд татаж эхэлнэ. Учир нь нөгөө улс маань бараа, таваараа манайхаар өнгөрүүлнэ гээд урт хугацааны төлөвлөгөө гаргачихсан байдаг. Үүнийгээ дагаад гэрээ, үнэ төлбөр зэргийг мөн адил урт хугацаанд шийддэг. Гэтэл бид Засгийн газар солигдох бүрт бодлоо өөрчлөөд байвал цаад улс чинь хүлээж авахгүйд хүрнэ.

-Транзит тээврийн үнийн асуудлыг хэлээд байна уу?

-Одоогийн байдлаар бид үнэ ханшийн талаар яриагүй. Энэ ажлын хэсгийн шийдэх асуудал нь үнэ биш.

-Ажлын хэсгийг ахалж байгаагын хувьд төмөр замын бүтээн байгуулалтын ажил удааширч байгаагын гол шалтгааныг юу гэж дүгнэх вэ?

-Миний хувьд өмнө нь ч гэсэн энэ ажлын хэсгийг ахлан ажиллаж байсан. Том шалтгаан гэхээсээ илүү бид нэгдсэн шийдвэрт хүрч чадахгүй маш их цаг хугацаа алдсан. Гарсан шийдвэр зөв, буруу гэдэгт ч их маргасан. Уг нь асуудлаа хурдан шийдвэрлээд төмөр замаа барьчихсан бол бидэнд илүү ашигтай. Гэтэл одоо эдийн засгийн байдал тааруу байгаа энэ үед байдал бүр илүү хүнд болж байна. Тиймээс одоо даруй зөв дүгнэлт хийх хэрэгтэй.

-Тэгвэл нийслэлд тавигдах «Богдхан төмөр зам»-ын ажил хэр байна?

-Мандал-Багахангай өртөөг холбосон, Төв аймгийн Батсүмбэр, Алтанбулаг, Сэргэлэн, Баян сумын нутгийг дайрч өнгөрөх нийт 170 км төмөр замын төсөл юм. Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигтийн хөндийд баригдах олон улсын нисэх онгоцны буудал, олон улсын авто зам болон төмөр зам гурав огглолцоно. Ингэснээр нэгээс нөгөө рүү нь шилжих боломж бүрдэж байгаа юм. Энэ зам ашиглалтад орсоноор хотын нэг захаас нөгөө зах хүртэл хөнгөн галт тэргээр зорчиход 15-хан минут зарцуулна. 15 буудлыг ийм хугацаанд туулна гэдэг хөнгөн галт тэрэгний давуу тал болоод зогсохгүй, Монголд нийтийн тээврийн хоёрдахь урсгалыг бий болгож, нййслэл хотын замын түгжрэлийн асуудлыг давхар шийдэж байгаагаараа ач холбогдолтой юм. Үүнийг УИХ-аас дэмжиж байгаа. Тиймээс одоо цаг алдалгүй ажлаа эхлүүлэх л шаардлагатай байна. Өнгөрсөн онд эхэлсэн энэ төсөл ирэх 2016 он хүртэл үргэлжилнэ.