Уул уурхайн сайд Д.Ганхуяг
2013.09.05

“Дисковер Монголиа-2013” чуулга уулзалтыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг нээж үг хэллээ

Эрхэмсэг хатагтай, ноёдоо,
Хүндэт хөрөнгө оруулагчид аа,
Зочид. Төлөөлөгчид өө !

Монголын геологи, уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын Олон улсын 11 дэх “ДИСКОВЕР МОНГОЛИА-2013” чуулга уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, зочид, төлөөлөгч, зохион байгуулагч та бүхэнд Монгол Улсын Засгийн газар, Уул уурхайн яамны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Өнөөдөр Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбар хамгийн чухал байр суурийг эзэлж, тодруулбал ДНБ-ийн 20 хувь, төсвийн орлогын 40 хувь, хөрөнгө оруулалтын 85 хувь,мөн түүнчлэн экспортын орлогын 90 орчим хувийг бүрдүүлж байна.

Шинэчлэлийн Засгийн газар ил тод, хариуцлагатай уул уурхайг экспортын чиг хандлагатайгаар эрчимтэй хөгжүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байна.

Засгийн газар, яам уул уурхайн салбарын бизнес, хөрөнгө оруулалтын орчны тогтвортой бөгөөд өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээнуудийг хэрэгжүүлсээр байна.Тодруулбал газрын тос боловсруулах, нүүрсийг шингэрүүлэх,занараас шатахуун гаргах үйлдвэрүүдийн технологийн тоног төхөөрөмж, тусгай зориулалтын барилгын материалыг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулиудыг батлуулсан.

Түүнчлэн Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон 2024 оныг хүртэл "Төрөөс Эрдэс баялагын салбарт баримтлах бодлого" төслүүдийг УИХ-ын хэлэлцүүлэгт оруулаад байна.

Мөн Уул уурхайн салбарын бизнес, хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангах зорилго бүхий "Хөрөнгө оруулалтын тухай", "Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай", "Урт нэртэй" хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай" зэрэг хуулийн төслүүдийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэл хангаад байна.

Дээр нь энэ намрын ээлжит чуулганаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.

Дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ сүүлийн хоёр жил дараалан буурах хандлагатай байна. Тодруулбал 2013 оны сүүлийн хагаст Монгол Улсын гол нэр төрлийн ашиг малтмал болох төмрийн хүдэр, зэс, нүүрсний зах зээлийн үнэ 13- 40 орчим хувийн уналттай байна.

“Дисковер Монголиа” чуулга уулзалт 11 дэх жилдээ болж байна.

Харин алтны тушаалт эхний хагас жилийн байдлаар төлөвлөснөөс гүйцэтгэл нь 55 орчим хувиар, цайрын олборлолт дахин нэмэгдсэн байна. Зэсийн баяжмалын үйлдвэрлэл, борлуулалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад онцын өөрчлөлт гараагүй ба ирэх саруудад Оюутолгойн үйлдвэрлэлийн тоо хэмжээ нэмэгдсэнээр оны эцэст баяжмалын экспорт багагүй хэмжээгээр нэмэгдэх боломжтой байна.

Хагас жилийн байдлаар молибдены үйлдвэрлэл болон экспортын орлогын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 5 дөхуу хувиар нэмэгдсэн байна. Харин газрын тосны экспортын орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10 орчим хувиар өссөн байна.

Гэсэн хэдий ч оны хагас жилийн байдлаар манай улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30 гаруй хувиар буурсан байдалтай байна. Үүний шалтгаан нь олон улсын зах зээл дээрх ашигт малтмалын гол нэрийн бүтээгдэхүүний үнийн уналттай уялдан Ашигт малтмалын салбарын орлого багассанаар энэ салбар дэх хөрөнгө оруулалт саарч, улмаар ашигт малтмалын салбар нь эдийн засагтаа нөлөө ихтэй орнуудад валютын ханш өсөх хандлага гарч байна.

Түүнээс гадна Оюутолгой төслийн анхны хөрөнгө оруулалт дуусч, далд уурхайн бүтээн байгуулалтын нэмэлт санхүүжилтийн асуудал шийдэгдээгүй байгаа, хууль эрх зүйн орчны зарим өөрчлөлт болон тогтворгүй байдал нь хөрөнгө оруулалт буурахад нөлөөлсөөр байна.

Геологийн салбар нь олборлох уйлдвэрээс 20-оос доощгүй жилээр түрүүлж, улс орны эрдэс баялгийн сан хөмөргийг арвижуулж, төдий чинээгээр улс орны баялагийн үнэ цэнийг нэмэгдүүлж байдаг. Иймээс энэ салбарын бодлогыг шинэ түвшинд гаргах, Монгол орны геологийн судалгааны түвшинг дээшлүүлэх, дэвшилтэт техник, технологид суурилсан Гео мэдээллийн сан бий болгох, Үндэсний Геологийн албыг байгуулж, бэхжүүлэх зэрэг ажлыг эхлүүлээд байна.

Эрхэмсэг хатагтай ноёд оо,

Дээр өгүүлснээс "Уул уурхайн салбарын хөгжлөөс ойрын жилүүдэд Монгол улсын эдийн засгийн тогтвортой өсөлт хамаарна" гэдгийг нийтээрээ хулээн зөвшөөрөх нь зүйтэй юм.

Энэ тохиолдолд уул уурхайн салбарыг хөгжүүлэх, байгаль орчны хамгаалал болон нөхөн сэргээлтийн асуудал нь "нэг зоосны хоёр тал" лугаа адил шийдэгддэг байх зарчмыг баримталж ажиллах хэрэгтэй байна.Түүнчлэн ил тод хариуцлагатай, харилцан ашигтай, орлогын хуваарилалт нь тунгалаг уул уурхайг хөгжүүлэх зорилгыг хэрэгжүүлэх ач холбогдлын талаарх нийгмийн ойлгоцыг нэмэгдүүлэх, нийгмийн сэтгэл зүйг зөв чиглэлд залах нь тулгамдсан асуудлыг нэг болоод байгааг баялаг бүтээгч ажил хэрэгч хүмүүс ярьж, хэлж байна.

Энэ зорилгыг хэрэгжүүлэхэд төр, засгийн холбогдох байгууллага,орон нутгийн удирдлага, олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчид, хэвлэл мэдээллийн салбар, байгаль орчны чиглэлийн төрийн бус байгууллага болон бусад энэ харилцаанд оролцогчид хамтарч ажиллаж чадна гэж бодож байна. Энэ ажил хэрэгжих гол үндэс нь бодитой, үнэн зөв, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээ, мэдээлэл байна гэдэгт эргэлзэхгүй байна.

Шинэчлэлийн Засгийн газар, уул уурхайн яам аль болох богино хугацаанд эрдэс баялагийн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг нэмүү өртөг шингээх замаар дээшлүүлж олон улсын тувшинд хүргэх, энэ салбарт тэргүүний техник, технологи, инноваци, менежментийн нэвтрүүлэх, дэд бүтэц, тухайлбал тээвэр, тээвэр ложистик, транзит тээврийн асуудлыг хамгийн оновчтойгоор хувилбараар шийдэж, холбогдох зардлыг бууруулах ажлыг дэс дараатай хэрэгжүүлэх болно.

Мөн зах зээл дээр ашигт малтмалын гол нэрийн бүтээгдэхүүний үнийн уналтаас экспортын орлого тодорхой хувийн бууралттай байгаа болон, зарим орж ирэх учиртай орлогыг өмнөх жилүүдэд урьдчилан авч хэрэглэснээс үүдэлтэй эдийн засгийн байдал сайнгүй энэ үед Монголчууд бид өвөг дээдсийн "Дэм нь дэмэндээ, Дээс эрчиндээ" гэсэн ухаалаг сургаалыг нийтээрээ баримтлан ажилласнаар хүндэвтэр байдлыг даван гарч чадна гэдэгт найдаж байна.

Засгийн газар, Уул уурхайн яамнаас Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын хүрээнд Мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжийн төлөөлөл, салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүдийн өргөн оролцоотойгоор боловсруулсан дунд, урт хугацааны энэхүү бодлогыг хэрэгжүүлэх “Алт”, “Жонш”, “Зэс”, “Төмөр”, “Геологийн судалгаа”, “Нүүрс” зэрэг хөтөлбөрүүдийг боловсруулж байна. Эдгээр хөтөлбөрүүдийг аль болох богино хугацаанд хэрэгжүүлэхэд Та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

Хөрөнгө оруулагч Та бүхнийг Шинэчлэлийн Засгийн газар хөрөнгө оруулалт, бизнесийн тогтвортой, өрсөлдөх, чадвартай орчныг бүрдүүлэх, баталгаажуулах хуулийн төслүүдийг бэлэн болгоод байгаа талаарх мэдээллийг хэвлэл, мэдээллээс авсан гэж ойлгож байна. Мөн Монгол Улс нь нэг хүнд оногдох байгалийн баялагаараа дэлхийд дээгүүрт ордог, хамгийн том зах зээлд тооцогдох мөнхийн хөршүүдтэй орон юм.

Сүүлийн нэг сарын хугацаанд дотоод, гадаад хөрөнгө оруулагчдын зүгээс хөрөнгө оруулалттай холбогдсон яриа, уулзалтыг идэвхтэй өрнүүлж байна. Монголд “Санаа сайхан бол заяа сайхан” гэсэн сургаал байдаг. Тиймээс "Хөрөнгө оруулалтын салхи Монгол Улс руу эргэх” болно гэдэгт найдаж байна. Цаашид ч Монгол Улсын Засгийн газар, Уул уурхайн яам та бүхэнд үргэлж нээлттэй байж хамтарч ажиллах болно.

Чуулга уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.