2013.09.05

“Сэргээгдэх эрчим хүчний бэлэн байдал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Нар, салхины үүсгүүр ашиглан тог цахилгаанаар хангах шинэ технологийн бодлогын хүрээнд төрөөс сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр ажилладаг байгууллага компаниудыг дэмжин ажиллаж байгаа. Импорт, бүтээгдэхүүний татвараас компаниудыг тал хувь хөнгөлж, Засгаас дэмжих эхний алхам өнгөрсөн хавар батлагдсан.

Энэхүү бодит дэмжлэгийн дүнд энэ чиглэлийн компаниуд олширч одоо нийт эрчим хүчний салбарын долоон хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлж байгааг салбарын мэргэжилтнүүд тодотголоо.

Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг, манай улсын эрчим хүчний яам хамтран “Сэргээгдэх эрчим хүний бэлэн байдал” сэдвийн дор хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Эрчим хүчний яам, олон улсын агентлагтай хамтарч ажиллах нь цаашид монгол улсад сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд түлхэц болно.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Манай БОХХАА-н байнгын хороо энэ асуудлыг дэмжин ажиллаж байгаа. Ойрын үед Эрчим хүчний яамнаас эрчим хүчийг хэмнэх хууль орж ирнэ. Мөн БОНХ-ийн яамнаас ногоон хөгжлийн бодлогыг оруулж ирж байгаа. Энэ бүх зүйл сэргээгдэх эрчим хүчний хууль эрх зүйн орныг дэмжиж байгааг хэлмээр байна.

Өнөөдрийн хуралд олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн удирдлагууд оролцож байна. Эрчим хүчний яам энэ олон улсын агентлагтай хамтарч ажиллах тохиролцоо бий. Энэ нь цаашид монгол улсад сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд ихээхэн түлхэц болно гэлээ.

Хэлэлцүүлэгт гадна, дотны төлөөлөгчид болон олон улсын шинжээчид оролцож монгол улсын сэргээгдэх эрчим хүчний хөгжил, нөөц, цаашдын хөгжлийн гарцын талаар ярилцлаа.