Монгол улс Өмнөд Америк дахь анхны ЭСЯ-аа Бразилд нээнэ
Гадаад харилцааны сайд Л.Болд ХБНБУ-аас МУ-д хавсран суугаа Элчин сайд Валдемар Карнейро Леао-Нетог хүлээн авч уулзжээ.
2013.09.11

Монгол улс Өмнөд Америк дахь анхны ЭСЯ-аа Бразилд нээнэ

Гадаад харилцааны сайд Л.Болд Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Валдемар Карнейро Леао-Нетог Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан өчигдөр ГХЯ-нд хүлээн авч уулзжээ.

Сайд Л.Болд Элчин сайдад Монгол Улсад хавсран суугаа Элчин сайдын албаа албан ёсоор хүлээн авч үүрэгт ажилдаа орсонд баяр хүргэсэн байна.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Монгол Улс Латин Америкийн орнуудтай харилцах харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх үүднээс Өмнөд Америк дахь анхны ЭСЯ-аа Бразилийн нийслэл Бразилиа хотод нээх шийдвэр гаргасныг тэмдэглэн хэлжээ. 

Элчин сайд Бразилиа хотод ЭСЯ нээх шийдвэр гаргасанд талархал илэрхийлээд харилцаа, хамтын ажиллагааг хөдөө аж ахуйн салбарт түлхүү хөгжүүлэх, спорт, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаа мэдэгдсэн байна.