Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
2013.09.20

Н.Алтанхуяг: Шатахууны хомсдол үүсээгүй, үнэ ч нэмэгдэхгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногт Япон улсад албан ёсны айлчлал хийгээд ирсэн. Энэ нь түүний Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн болсоноосоо хойш анх удаа хийж байгаа албан ёсны айлчлал юм байна. Айлчлалын хүрээнд Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийг баталсан гэдгийг Ерөнхий сайд онцлоод ингэснээрээ Япон, Монгол ойрын таван жилийн хугацаанд ямар салбарт, ямар байдлаар ажиллах вэ гэдэг дүр зураг тодорсон гэлээ. Мөн УИХ-ын ээлжит бус чуулганд Засгийн газар таван хуулийн төсөл өргөн барьсан. Тэрээр “Төгрөгийн ханшийн сулралт, валютын ханшын чангаралтын үр дүнг тооцоод үүний эсрэг авах арга хэмжээ нь дөрвөн хуульд өөрчлөлт оруулах явдал юм гэж үзсэн учраас энэ хуульыг өргөн барьлаа” гэсэн юм. Тэрээр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.   

-Зарим Шатахуун түгээх станцуудад АИ92 бензин зарахгүй байна. Ингэснээр шатахууны хомсдол бий болж, үнэ нэмэгдэнэ гэсэн яриа иргэдийн дунд гарчээ. Ер нь шатахууны нөөц бололцоо хэр байна вэ?

-Шатахуун дээр ямар ч асуудал байхгүй байгаа. Тэр байтугай үнийн хувьд ч өөрчлөгдөхгүй. Угаасаа зах зээлийн жамаараа тав, гурван төгрөг нэмэгдэж, хасагдаж л байдаг. Бид бүтэн жилийн хугацаанд шатахууны хувьд үнийн өсөлтийг зогсоож, 50 төгрөгөөр бууруулж чадсан. Мөн тодорхой тоон дээр барьж чадсан. Зохиомол хомсдол гэдэг зүйл бий болгодоггүй юм бол энд хомсдох шалтгаан нөхцөл байхгүй.

-Найман хувийн хүүтэй орон сууцны зээл арилжааны банкуудын цөөхөн хэдэн салбаруудад гарч байна. Мөн Хас банк урьдчилгаа төлбөрөө 50 хувь болгочихсон байна. Засгийн газраас зүгээс ямар арга хэмжээ авч байгаа вэ?

“Хас” банк урьдчилгаа төлбөрөө ихэсгэчихсэн гээд байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөрөөс гарья л гэж байгаа юм байлгүй

-Анх энэ зээлийг гаргахад маргааш наад зээл чинь зогсоно гэж байсан, өнөөдрийг хүртэл зогсоогүй явж байна. Энэ зээл чинь хязгаартай. Юу гэхээр босож байгаа болон босчихсон байшин барилгын арилжаанд орж байгаа тоогоороо хязгаартай. Өнөөдрийн байдлаар зээл зогссон зүйл байхгүй. “Хас” банк урьдчилгаа төлбөрөө ихэсгэчихсэн гээд байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөрөөс гарья л гэж байгаа юм байлгүй. 30 хувь өндөр байгаа учраас 50 хувь болгочихсон бол иргэд зээл авахгүй шүү дээ. Хэрвээ манай хөтөлбөрт хамрагдсан бол хасагдсан гэсэн үг. Тэгээд ч Хас банк тийм ч том банк биш.

-Амины орон сууцыг найман хувийн зээлд хамруулах талаар ямар ажил хийгдэж байгаа вэ?

-Амины орон сууцыг зээлд хамруулах ажил дээр ажлын хэсэг гараад ажиллаж байна. Энэ асуудлыг аажимдаа л шийднэ. Өнөө, маргаашгүй шийдчих боломж байхгүй байна. Ажлын хэсэг энэ ажлаас гадна ер нь найман хувийн зээлтэй холбоотой асуудлууд дээр ажиллаж байгаа. Ойрын хугацаанд дүнгээ гаргана.

-Оюутолгойн далд уурхай цаашдаа ажиллах уу?

-Эрдэнэс Оюу толгойн захирлыг өөрчилж, Төлөөлөн удирдах зөвлөлд байгаа гурван хүнийг сольсон. Энэ хагас сайн өдөр шинэ бүрэлдэхүүнтэйгээр Лондон явж Рио Тинто компанийн төв байранд очиж хэлэлцүүлгээ эхлүүлнэ. Эхлээд олон жил хуримтлагдсан асуудлууд байгаа. Түүнээсээ шийдэж болох асуудлаа шийднэ. Дараа нь гүний уурхайн нэмэлт санхүүжилт, хөрөнгийг яаж босгох вэ гэдэг мэдээллийг дэлгэрэнгүй аваад ирнэ.

-Валютын ханшын өсөлт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлж байгаа. Үнийн асуудал дээр Засгийн газар ямар бодлого барьж байгаа вэ?
Өнөөдрийн байдлаар ам.доллар 1610-аар зарагдаж байна. Түр зуурын шинжтэй өсөлтүүд байсан. Тэрэнд янз бүрийн тоглолтууд орсон юм бий, субьектив нөлөөлөл зэрэг олон хүчин зүйл байсан.

-Өнөөдрийн байдлаар ам.доллар 1610-аар зарагдаж байна. Түр зуурын шинжтэй өсөлтүүд байсан. Тэрэнд янз бүрийн тоглолтууд орсон юм бий, субьектив нөлөөлөл зэрэг олон хүчин зүйл байсан. Валютын ханш чангарсан хугацаанд гаднаас оруулж ирсэн элсэн чихэр, цагаан будаа, ургамлын тос тодорхой хэмжээгээр нэмэгдсэн байгаа. Ийм тохиолдолд цаашид Засгийн газар тодорхой хэмжээний нөөц бүрдүүлэх чиглэлээр арга хэмжээ аваад эхэлж байгаа.

-Япон улстай стратегийн чиглэлээр хамтарч ажиллана гэсэн. Ямар, ямар салбаруудад голчон хамтарч ажиллах вэ?

-Хоёр орны хоорондын харилцаа улс төрийн салбарт яаж ажиллах вэ гэдэг нь нэгдүгээрт. Байнгын уулзалт, яамд, сайдуудын уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулах, бүс нутаг, олон улсын чиглэлд хамтарч ажиллана. Хоёрдугаарт эдийн засгийн хүрээнд хамтарч ажиллана. Япон улсын хөрөнгө оруулалтыг Монгол нэмэгдүүлэх, Монголын брэнд бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд хэрхэн гаргах талаар хамтарч ажиллана. Мөн хүмүүнлэгийн чиглэлээр ажиллаж, манай улсын иргэд Япон улсад зорчиход визийн асуудлыг хөнгөвчлөх талаар судлах, Монголын оюутнуудыг техник, технологи, инженерийн чиглэлээр суралцуулах зэрэг олон асуудлаар хамтарч ажиллана.