Ц.Элбэгдорж ХБНГУ-ын Канцлер А.Меркельд баяр хүргэлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ХБНГУ-ын Канцлер А.Меркелийн хамт
2013.09.25

Ц.Элбэгдорж ХБНГУ-ын Канцлер А.Меркельд баяр хүргэлээ

АНУ-ын Нью Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ХБНГУ-ын Канцлераар дахин сонгогдсон А.Меркельтэй утсаар ярьж баяр хүргэн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Түүнчлэн нүүрснээс шингэрүүлсэн түлш гарган авах талаар харилцан ярилцаж байгаа төсөл хэрэгжиж, Монгол Улс дотоод зах зээлээ шатахуунаар хангах боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа энэ үеэр хэллээ.

Харин ХБНГУ-ын Канцлер хатагтай А.Меркель Засгийн газраа эмхлэн байгуулсан даруйдаа Эдийн засгийн хөгжлийн сайдыг Монгол Улсад айлчлуулж нүүрснээс шингэрүүлсэн түлш гаргах төслийн ажлыг эрчимжүүлнэ гэдгээ хэлэв.  

Хатагтай А.Меркелийн тэргүүлдэг нам энэ удаагийн сонгуулиар олонхи болсноор тэрээр дахин Канцлер болсон юм.