БНХАУ-аас Монголд суугаа элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Ерөнхий сайд Н.Алтанхуяг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ван Шяолуныг хүлээн авч уулзлаа.
2013.10.02

БНХАУ-аас Монголд суугаа элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Ван Шяолуныг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхий сайд энэ сард Хятад улсад албан ёсны айлчлал хийхтэй холбогдуулан айлчлалын үеэр хөндөж хэлэлцэхээр төлөвлөж буй зарим асуудлын талаар энэ үеэр санал солилцлоо.

Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцаанд түлхэц өгөх чухал яриа хэлэлцээнүүд хийгдэж, эдийн засгийн хамтын ажиллагаанд ахиц гаргана гэдэгт Хятадын тал итгэлтэй байна гэж Элчин сайд Ван Шяолун хэлээд, Монгол Улсын Засгийн газрын тэргүүний айлчлалд Хятадын тал өндөр ач холбогдол өгөн бэлтгэж байгааг тэмдэглэлээ.

Ерөнхий сайдын өмнөд хөршид хийх айлчлалын бэлтгэл хангахаар Монголын талаас ажлын хэсгүүд ажиллаж байгаа. Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Зам тээврийн сайд А.Гансүх нар Хятад улсад айлчилсан, удахгүй Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр айлчилж, холбогдох яриа хэлцлүүд хийнэ гэж Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг хэллээ.