Ерөнхий сайд Н.Алтанхуяг, аймгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ.
2013.10.02

Тэвчиж болох зардлуудаа танахыг орон нутгийн удирдлагуудад захилаа

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр аймгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ. Цахим хуралд аймгийн Засаг дарга, холбогдох удирдах ажилтнууд оролцсоноос гадна Дорнод, Дорноговиос бусад аймгийн бүх сумын удирдлагууд хамрагдлаа.

Ирэх оны төсөв зохиохдоо салбарын сэтгэлгээгээр биш багийн сэтгэлээр хандаж, тэвчиж болох зардлуудыг тана гэж Ерөнхий сайд аймаг, сумдын удирдлагуудад даалгалаа.

“Өнөөдөр Монгол Улсын төсвийг Засгийн газар биш, УИХ ч биш, төрийн тамга барьсан “төсөвчин” гэгдэх хэдхэн хүн зохиож байна. Тэд зарим ажлын зардлыг хэт хөөсрүүлэн нэмж, анх баталсан зардлыг хэд дахин өсгөж байна.

Ирэх оны төсөв зохиохдоо салбарын сэтгэлгээгээр биш багийн сэтгэлээр ханд.

Энэ нь ажил уяж, хэдэн он дамжиж удаашрах шалтгаан болж байна” гээд дээрх байдлыг УИХ–аар төсөв хэлэлцэх үед нээлттэй ярьж, ил тод болгохоо хэллээ.

Аймаг, сумдын ажлын хариуцлага дээшилснийг Засгийн газрын тэргүүн сайшаахын зэрэгцээ илүү бүтээлч, хариуцлагатай ажиллахад дөхөм болох арга барил, туршлагаасаа хуваалцан Шинэчлэлийн Засгийн газраас явуулж байгаа зарим нэг ажлаас санаа авч хэрэгжүүлэхийг захилаа.