М.Мөнхбат: Арьс ширний салбарт төрийн бодлого алга
Арьс ширний салбарт тулгамдаж байгаа их олон асуудал бий
2013.10.04

М.Мөнхбат: Арьс ширний салбарт төрийн бодлого алга

Хөнгөн үйлдвэр судалгаа хөгжлийн хүрээлэнгийн захирал М.Мөнхбаттай арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд тулгамдаж буй асуудал сэдвийн дагуу ярилцлаа. 

- Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тулгамдаж буй асуудлууд юу байна?

Арьс ширний салбарт тулгамдаж байгаа их олон асуудал бий. Нэгдүгээрт түүхий эд бэлтгэл, арьс ширний анхан шатны чанар хамгаалал, Үйлдвэрлэлийг хэрхэн зөв хөгжүүлэх вэ гэдгийг төрийн бодлогоор зохицуулах хэрэгтэй. Нэг талаас л анхаараад байх биш аль аль талаасаа л анхаарах шаардлагатай. Энэ мэт тулгамдаж буй асуудал их байгаа.

- Манай улсад арьс ширний хэр нөөц байна, хэрэглэгчид үндэсний үйлдвэрлэлээ хэрхэн дэмжиж байна?

Манай улс жилдээ 10 сая ширхэг арьс экспортлох боломжтой. Гэтэл энэ их нөөцөө ашиглан үйлдвэрлэл явуулах төрийн бодлого алга. Энэ салбарт судалгаа, шинжилгээтэй нухацтай хандаж бодлого боловсруулах хэрэгтэй байна. Мөн яаж бэлтгэн, боловсруулж, цаашлаад нийлүүлэлтэд онцгой анхаарал хэрэгтэй байна. Цогцоор нь  шийдэж байж л үндэсний үйлдвэрлэл хөгжинө. Мэдээж дараа нь технологи, тоног төхөөрөмжийг шийдэх ёстой.

Дэлхийд мөрддөг технологийг л Монголд ашигладаг. Технологийн хувьд дэлхийн хөгжилтэй ижил төвшинд л яваа. ШУ-ны байгууллагын хувьд энэ талаар судалсан материал зөндөө байгаа.

Уг нь бохир усны 93 хувийг цэвэршүүлэх ёстой ч одоо­гоор 79-82 хувийг нь цэвэршүүлж байна.

- Харгиа цэвэрлэх үйлдвэрийг хаасантай холбоотой үйлдвэрлэлээ хийж чадахгүй байна хэмээн үйлдвэрлэгчид хэлж байна? Үүнд та ямар бодолтой байна.

Энэ бол зөвхөн арьс шир үйлдвэрлэлтэй холбоотой биш бохир ус боловсруулан эргүүлэн ашиглах тухай юм. Усны ашиглалтыг сайжруулахад хүндрэл байхгүй гол нь төв цэвэрлэх байгууламж  хүн мал, амьтан, байгаль, ургамалд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх талаас нь анхаарч шийдэх ёстой. Уг нь усаа дахин ашигладаг арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэгчид байгаа.

 Мөн үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийг дангаараа харгиа цэвэрлэдэггүй. Ахуйн бохирдол нэмэгддэг. Үүнийг шийдэхэд  төрийн л зохицуулалт байх ёстой. Ахуйн бохирдолттой, арьс шир боловсруулсан химийн бохир ус нийлээд бохирдлоо цэвэрлэж чадахгүйд хүрээд байна.

 - Манай арьс ширэн бүтээгдэхүүнийг экспортлох боломж хэр байгаа вэ?

Монголд жилдээ 10 сая ширхэг арьс ширний түүхий эд бий. Үүнээс харахад экспортод гаргах боломж бүрэн бий. Гол нь экологид сөрөг нөлөөгүй тоног, төхөөрөмжийг оруулж ирэх нийлүүлэх шаардлагатай. Арьс ширний үйлдвэрлэлд сүүлийн жилүүдэд мэргэжилтний асуудал хүнд байна. Мэргэжлийн ажилчин сүүлийн 20 жил бэлтгэсэнгүй. Хөрөнгө, мөнгөгүйгээс технологио шинэчилж чадахгүй байна. Гэхдээ энэ том асуудал биш.

Арьс ширний үйлдвэрлэл өөрөө нөхөгддөг баялаг гэдгээрээ онцлогтой  шүү дээ. Төрөөс сайн бодлого боловсруулж арьс ширний үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх юм бол хөгжих боломж их байгаа.