2013.10.07

Э.Бат-Үүл: Нийтийн тээврийн сүлжээ бидний аврал

МҮОНТВ-ийн “Нээлттэй хэлэлцүүлэг” нэвтрүүлгээр нийтийн тээрийн тулгамдсан асуудлуудын талаар ярилцлаа.

Нэвтрүүлгийн зочдоос Нийслэлийн засаг дараг бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн байр суурийг онцлон хүргэж байна.

Нийслэлийн засаг дараг бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл:

-Автобусны жолооч нар бол хүний амь насыг хариуцдаг хүмүүс учраас ямар ч улс оронд тусад нь сургаж, сертификат өгдөг. Нийтийн тээврийн чиглэлээр төрийн зүгээс явуулж буй бодлогын дэмжлэгийг ойлгож ярих хэрэгтэй. Улаанбаатарт нийтийн тээвэр эрхэлж буй компаниудад улсын төсвөөс нөхөн олговор гэж жилд 57 тэрбум төгрөг өгдөг.

Автобусны өмнө камер тавиад, автобусанд тээглэсэн машинуудыг торгоно.

Нийтийн тээвэрт учирч буй бэрхшээлүүд бий. Тухайлбал, хөрөнгө оруулалтын таатай нөхцөл, бизнесийн үр ашигтай байх үйл ажиллагааны боломж байхгүй. Нэгэнт бизнес нь үр ашиггүй болохоор тэр үйлчилгээ сайн байж чадахгүй нь ойлгомжтой.Бид нийтийн тээвэр дээр маршрутын шинэчлэл хийхээр нийслэлийн өмчит автобусны компаниудтай ярьж зөвлөлдөж байна.

Нийслэлээс гаргах 20 тэрбум төгрөгөөр автобусны компаниуд автобус, нийтийн тээврийн тоног төхөөрөмж авахдаа дан том овор гэж битгий ав. Бага, дунд, том оврын гэсэн маршрутын ложистиктойгоо нийцсэн тээврийн багц үйлчилгээг гаргаж ирээч гэдэг зүйлийг ярьж байна.

Нийтийн тээвэргүйгээр хот ирээдүйд түгжрэлгүй, стрессгүй байх ямар ч боломжгүй. Нийтийн тээврийн сүлжээ бидний аврал. Тэгэхээр нийтийн тээвэр дээр бид онцгой анхаарна. Тухайлбал, хотоос 20 тэрбум төгрөг гаргаад хүүгүй хөнгөлөлттэй зээл өгөх гэж байна. Өөрөөр хэлбэл эхний ээлжинд парк, техник гээд бүгдийг нь шинэчилж өгье.

Нийтийн тээвэргүйгээр хот ирээдүйд түгжрэлгүй, стрессгүй байх ямар ч боломжгүй.

Мөн цаашид тусгай замыг хатуу барина. Торгуулийн эрхтэй болвол нэгдүгээр эгнээ рүү орсон машиныг хайр найргүй торгоно. Түүнчлэн хоёр эгнээтэй газар ч нийтийн тээвэр давуу эрхээр явна. Нийтийн тээвэрт зам тавьж өгөхгүй байж болохгүй. Автобусныхаа өмнө камер тавиад, автобусанд тээглэсэн машинуудыг торгоно.

Учир нь нийтийн тээвэр цагийн хувиараар явах ёстой байдаг. Нийтийн тээврийн компаниуддаа санхүүгийн дэмжлэг үзүүлэхдээ нийтийн тээврийн үйлчилгээнд зөвхөн том оврын автобус биш, дунд оврын автобус, микротой байх хүсэлт тавина.

Тэгээд түүнийгээ холбосон маршрут гаргах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нийтийн тээврийг бараа үйлчилгээ гэж харвал олон төрлийн бараатай байгаач гэдэг зүйл. Сургуулийн үйлчилгээг ч нийтийн тээвэр авах хэрэгтэй. Энэ бүхэнд бид дэмжлэг үзүүлнэ.