Хүнсний аюулгүй байдлыг хамгаалахад нэг алхам урагшлав
Засгийн газрын ээлжит хуралдаанаар зээл тусламжаар авах болон өндөр эрсдэлтэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн импортлоход ачилтын өмнөх хяналт, шалгалт хийх журмыг хэлэлцэн, баталлаа. Энэхүү журам нь 7 зүйл, 23 заалтаас бүрдэх бөгөөд өндөр эрсдэлтэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг Монгол Улсад импортлоход тавигдах шаардлага, мэдээлэл солилцох, эрсдэлийн үнэлгээ хийх, өндөр эрсдэлтэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний импортын ачилтын өмнөх хяналт шалгалт хийх болон импортлогч хуулийн этгээдийн эрх, үүрэг, олон улсын тээвэр зууч, тээврийн байгууллагын эрх үүрэг, хүлээх хариуцлага зэргийг тусгажээ.
Өндөр эрсдэлтэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг зөвхөн Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн, эсхүл Монгол Улстай ариун цэвэр, хорио цээрийн нөхцөл урьдчилан тохирсон импортлогч улсаас импортолно. Тухайн бүтээгдэхүүний биологи, хими, физикийн бохирдлын зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь олон улсын болон Монгол Улсын стандартын үзүүлэлтээс хэтрээгүй байна.
Энэхүү журам хэрэгжиж эхэлснээр Монгол Улсад гадаадын зээл тусламжаар авах болон өндөр эрсдэлтэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн импортлох үед хүнсний аюулгүй байдлын баталгааг хангах, эрсдэлийг бууруулах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм.