2013.10.15

Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг хууль бусаар гувчуулсан, үр ашиггүй зарцуулсан тохиолдолд хариуцлага тооцно

УИХ дахь Ардчилсан намын бүлэг /2013.10.14/ ээлжит хуралдаанаа хийж, үндсэн хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газраас  2013 оны Улсын төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай буюу төсвийн тодотголтой холбоотойгоор Засгийн газрын гишүүд болон Сангийн яамыг сонслоо. 2013 оны төсвийн тодотголыг гол хэдэн үндсэн үзүүлэлтээр нь авч үзэж сонссон. 2013 онд эдийн засгийн нөхцөл байдалтай уялдаж, төсвийн орлгого, зарлага тасалдсан явдалд Сангийн яам дүгнэлт хийж, тодотголыг оруулж ирсэн байна. Төсвийн тодотголд тусгаснаар 2013 оны орлого нэг их наяд 16,7 тэрбум төгрөгөөр буурч байгаа.  Үүнээс импортын бууралт 354 тэрбум, экспортын бууралт 146,5 тэрбум, бусад нь 515,3 тэрбум төгрөгийн бууралттай байгаа аж.

Тиймээс Төсвийн орлогын залруулгад их наяд гаруй төгрөгийн бууралтыг Төсвийн тодотголд тусгажээ. Үүнээс гадна зарлага 814,8 тэрбумаар  буурч байгаа юм байна. Үүнээс  төсвийн урсгал зардал 234,2 тэрбум төгрөг  байгаа юм байна. Энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд төсвийн алдагдал ДНБ-ний хоёр хувиас хэтрэхгүй байна гэсэн заалтад тулгуурлан тасарсан зардлыг тооцоолсон байна. 2013 онд гэрээ нь хийгдээгүй, төлөвлөгдсөн санхүүжилт хийгдээгүй, тендер зарлаагүй  зэрэг 425,8 тэбумын зардлуудыг хассан байна.

Сангийн яаманд өрийн удирдлагын эрх зүйн орчин, менежментийг зохицуулах хуулийг шинэчлэн боловсруулах шаадлагатайг бүлгийн гишүүд анхаарууллаа.

2013 онд нийт хөрөнгө оруулалтын төлөв 1,5 их наяд байсан бөгөөд аравдугаар сарын байдлаар хийгдсэн хөрөнгө оруулалт 473 тэрбум  төгрөг бюу 30,5 хувь нь төсвийн хөрөнгө оруулалтаар хийгджээ. Үүнээс гадна гадаадаас  авч буй өрийн менежментийг яах ёстойг тодуулсан бөгөөд  Монгол Улс гадаадаас авч байга зээлийн баталгааг анхаарахгүй бол эрхзүйн орчин байхгүй байгаа учраас Сангийн яаманд өрийн удирдлагын эрх зүйн орчин, менежментийг зохицуулах хуулийг шинэчлэн боловсруулах шаадлагатайг бүлгийн гишүүд анхаарууллаа.

Хоёрдугаарт Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан байгаа юм.  Тус хуулийн төсөлтэй холбоотойгоор  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагааны  танилцуулгыг сонслоо.

Тодруулбал, 2011 онд батлагдсан Төсвийн тухай хуулийн  Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас тухайн орон нутагт төсөв хуваарилахдаа Орон нутгийн хөгжлийн индекс, хүн амын тоо, нягтрал болон алслалт, нутаг дэвсгэрийн  хэмжээ, орон нутгийн татварын санаачлага гэсэн дөрвөн зарчимд тулгуулан хувиалалт хийж ирсэн. Энэ дөрвөн итгэлцүүрийг тэгшилж, тус бүр 25 хувиар тооцож оруулж ирсэн нь хуулийн үзэл баримтлалд тэнцэхгүй  байна гэсэн учраас Ерөнхийлөгчөөс энэ хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулж ирсэн. Тус хуулийн төслийн өөрчлөлтөөр хүн амын тоо 70 хувь, нутаг дэвсгэрийн хэмжээ 10 хувь, аймаг, нийслэлийн татварын идэвх санаачилгын индекс 20 хувь байхаар хатуу зааж, сум, дүүргийн татварын идэвхи санаачлагын индексийг нэг хүнд ногдох орон нутгийн татварын орлогоос үндэслэн тооцохоор тусгажээ.

Мөн төсвийн тэнцлийн ашиг буюу зарлагаас давсан орлого, аливаа нэмэгдэл орлого болон зарлагын хэмнэлт нь тухайн орон нутгийн хувьд Орон нутгийн хөгжлийн санд орж эх үүсвэр нь болохоор хуульд заасан. Гэтэл Төсвийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад 56.2 дугаар зүйлд “Доод шатны төсвийн үндсэн тэнцлийн ашгаас суурь зарлагатай тэнцэх хэсгийг тухайн шатны төсөвт үлдээж, үлдэх хэсгийг дээд шатны төсөвт төвлөрүүлнэ” гэж нэмэлт оруулсан нь дээрх заалт болон, хуулийн үзэл баримтлалд харшилж, тодорхой зөрчил үүсгэж байна гэж үзэж, үүнийг өөрчлөх саналаа энэхүү хуулийн төсөлд тусгасан байна.