УИХ-ын гишүүн Г.Батхүү тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-д ажиллалаа
УИХ-ын гишүүн Г.Батхүү
2013.10.16

УИХ-ын гишүүн Г.Батхүү тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-д ажиллалаа

УИХ-ын гишүүн Г.Батхүү тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 15-нд ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн Эдийн засгийн бодлогын Байнгын хорооны нэгдүгээр орлогч дарга Ю.В.Шамковтой уулзлаа.

Г.Батхүү хэлэхдээ, Монгол Улсын газар зүйн байрлалын давуу талыг ашиглан төмөр зам, авто тээвэр, агаарын тээврийн дамжин өнгөрөх зорчигч, ачаа тээвэрлэлт, нефть, хийн хоолой, холбооны болон цахилгаан дамжуулах шугам, тээврийн логистикийн сүлжээ байгуулах, транзит тээврийг хөгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх талаар санал боловсруулах үүрэг бүхий УИХ-д байгуулагдсан ажлын хэсгийн төлөөллийг хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийллээ.

Энэ ажлын хэсэгт УИХ-ын суудалтай бүх улс төрийн намуудын төлөөлөл орсон бөгөөд уг асуудлыг тал бүрээс нь хэлэлцэн урт хугацааны баримт бичиг боловсруулах гэж байгаа учир хөрш орны мэргэжилтнүүд, эдгээр асуудалтай холбоотой хууль тогтоогчид болон албаны бусад хүмүүстэй уулзаж санаа бодлыг сонсох, туршлага судлах үүднээс энэхүү уулзалтыг хийж байна. Та бүхэнтэй уулзаж санал бодлоо солилцсон нь бидний ажилд ач тустай байх болно гэлээ.

Уулзалтад монголын талаас УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ш.Алтангэрэл, Төмөр замын холбооны дарга Л.Пүрэвбаатар, оросын талаас Холбооны зөвлөлийн Эдийн засгийн бодлогын Байнгын хорооны орлогч дарга О.В. Еремеев, тус хорооны гишүүн В.Н. Васильев нар байлцлаа.