Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтыг бодит өртгөөр тооцно
ЭМЯ-ны БТГ-ын дарга Ц.Цолмонгэрэл
2013.10.17

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтыг бодит өртгөөр тооцно

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бодит өртгийн тооцоо, судалгааг салбарын яамнаас хийсэн талаар ЭМЯ-ны БТГ-ын дарга Ц.Цолмонгэрэлтэй уулзаж тодрууллаа.

Эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бодит өртгийн тооцоо, судалгаа хийгдсэн тухай мэдээлэл байгаа. Бодит өртгийн судалгааг яагаад хийх болсон бэ?

Эмнэлгийн тусламж, үйлчилгээг чанартай үзүүлэхэд уг тусламж үйлчилгээнд шаардлагатай санхүүжилтийг олгох нь чухал юм. Нөгөө талаас тусламж, үйлчилгээг бодит өртгөөр санхүүжүүлэхгүй байгаагаас хувь хүн нэмэлт төлбөр төлөх нөхцөл бүрддэг.

Эрүүл мэндийн салбарт албан бус төлбөр байгааг нэлээд олон удаагийн судалгаа харуулсан байдаг ба үүний нэг томоохон шалтгаан нь эмчилгээ үйлчилгээнд шаардлагатай байгаа санхүүжилтийн дутагдлаас үүдэлтэй байгаа юм. Иймд Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хүрээнд иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад тулгарч буй чирэгдэл, төлбөрийг бууруулах зорилгоор Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бодит өртгийн судалгааг анх удаа хийлээ.

Бодит өртөг гэдгийг тодруулж өгнө үү?

Бодит өртөг гэдгийг тодорхойлсон олон тодорхойлолт бий. Гэхдээ бид өнөөдөр иргэн эмнэлэгт очоод, үйлчилгээ авахад өөрөөсөө гаргаж байгаа эмчилгээ үйлчилгээтэй холбоотой зардлууд болон тухайн эмнэлгээс гарч буй хүн хүчний, дулаан цахилгааны, эм тарианы, хоолны гэх мэт тоологдох бүх зардлыг тооцсон өртгийг бодит өртөг гэж хэлж байгаа юм аа.

Судалгааг ямар хүрээнд хийж гүйцэтгэсэн бэ?

Бодит өртөг тооцох энэхүү судалгаанд хоёр дахь шатлалын буюу аймаг, дүүргийн 21 нэгдсэн эмнэлэг, 3 дахь шатлалын буюу 10 төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд хамрагдсан бөгөөд зонхилон тохиолдох өвчний өртгийг тооцоолсон. Судалгаагаар эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж буй хэвтүүлэн эмчлэх 107 оношийн бүлгийн 85 хувь буюу 91 оношийн бүлгийг төлөөлөх нийт 267 оношийн өртгийг 8,725 өвчний түүхийг түүсний үндсэн дээр тооцсон.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний бодит өртгийг тооцон үзэхэд одоогийн ЭМД-ын сангаас олгож буй санхүүжилтийн хэмжээ, бодит өртөг зардлын хооронд хэр зөрүүтэй байгаа вэ?

Эрүүл мэндийн салбарын санхүүжилт

Өвчин тус бүрээр нь авч үзвэл зарим тусламж, үйлчилгээний санхүүжилт нь бодит өртгөөс хэт доогуур, зарим нь бодит өртгөөс дээгүүр гэх мэтээр бодит өртөг, даатгалын санхүүжилтийн хэмжээ хоёрын хооронд тодорхой зөрүү байгаа нь харагдсан. Тухайлбал, эд, эрхтэн өнгөц бэртэх, ил шарх, мэдрэл, судас, шөрмөс бэртэх оношийн тариф 249,936 төгрөг байхад бодит өртгийн судалгаагаар өртөг нь 622,381 төгрөг байна.

Ихэнх оношийн бүлгийн хувьд одоогийн санхүүжиж буй тусламж, үйлчилгээний тариф нь бодит өртгөөс дунджаар 15-60 хүртэлх хувиар доогуур байна. Гэвч бид тусламж, үйлчилгээ тус бүрийн өртөг зардлыг хооронд нь харьцуулахаас илүүтэйгээр өнөөгийн санхүүжилт хийж буй төлбөрийн аргатай уялдуулан суурь тарифыг харьцуулах нь илүү бодитой гэж үзэж байна.

Одоогоор эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний зардлыг 115 оношийн хамааралтай бүлгээр санхүүжүүлж байгаа бөгөөд, үүнээс хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээний оношийн хамааралтай бүлэг нь 107 байгаа юм. Оношийн хамааралтай бүлэг гэдэг нь өвчний онош, зардал гэх мэт үзүүлэлтүүдийг харгалзан, хоорондоо ижил хамаарал бүхий байдлаар нь нийт өвчнүүдийг 107 бүлэгт ангилан хамааруулсан гэсэн үг юм.

Энэхүү 107 оношийн хамааралтай бүлгийг санхүүжүүлэх үндсэн суурь тариф байдаг боловч 107 оношийн бүлэг бүр өөрийн өртөгт нийцсэн харгалзах коэффициенттой байдаг юм. Тэрхүү үндсэн суурь тарифыг тухайн оношийн бүлэгт харгалзах коэффициентоор үржүүлж, тухайн оношийн бүлгийн үндсэн зардлыг тодорхойлдог.

Өнөөгийн байдлаар үндсэн суурь тарифын хэмжээ нь 240,000 төгрөгөөр тогтоогдон мөрдөгдөж байгаа. Гэтэл дээрх судалгаагаар суурь тарифын хэмжээ 316,000 төгрөг байх нь бодит өртөгт нийцнэ гэсэн үр дүн гарсан.

Харин судалгаагаар анхаарал татсан томоохон асуудал бол өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээ нь хэвтүүлэн эмчлэх бүлэгтээ хамаардаг. Гэтэл мэс заслын тусламж, үйлчилгээний зардал нь хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээнийхээс өндөр байна. Эдгээр өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээний өртөг нь 1,2 сая төгрөгөөс 8,3 сая төгрөгийн хооронд байгаа нь даатгуулагчдад санхүүгийн дарамтыг үүсгэж байна.

Тухайлбал, Тархи, мэдрэлийн мэс засал гэхэд ЭМД сангаас 557,5 мянган төгрөгийн тарифаар санхүүждэг байхад бодит өртгийн судалгаагаар энэ нь 8,3 сая төгрөг гарах жишээтэй. Эдгээр мэс засал цөөн тохиолддог, өртөг өндөртэй байгаа тул дээрх судалгаагаар гарсан үр дүнгээр буюу бодит өртгөөр санхүүжилтийг олгох ажлыг ЭМЯ хийж эхлээд байна.

Мөн одоогийн тогтолцоогоор тусламж, үйлчилгээг өвчний хүнд, хөнгөний зэрэглэл болон хавсарсан өвчин байгаа эсэхийг ялгахгүй ижил тарифаар санхүүжүүлж байна. Харин энэхүү өртгийн судалгаагаар хавсарсан өвчинтэй болон өвчин хүндэрсэн тохиолдолд өртөг зардал нь хэрхэн нэмэгдэж байгааг судалж гаргасан нь онцлог юм.

Тухайлбал, Даатгуулагч хавсарсан өвчинтэй тохиолдолд дундаж зардал нь 15 хувиар, өвчин хүндэрсэн тохиолдолд 20 хувиар тус тус нэмэгддэг нь судалгаагаар нотлогдсон. Энэхүү хавсарсан болон хүндэрсэн өвчлөлийн зардлын өсөлт нь онош бүрээр ялгаатай байгаа юм.

Судалгааны үр дүнгээр тусламж үйлчилгээний бодит өртөг, санхүүжилтийн хэмжээ хоёрын хооронд зөрүү байгаа нь нотлогдсон байна. Энэхүү зөрүүг бууруулах талаар ямар арга хэмжээ авах вэ? Үүнийг бууруулах боломж бий юу?

Мэдээж иргэнийг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаалахын тулд энэхүү зөрүүг багасгах шаардлагатай. Үүнийг бууруулах боломж ч бий. Иймээс бид энэхүү судалгааны үр дүнд үндэслэн, хэт өндөр зөрүүтэй тусламж, үйлчилгээнүүдийн зардлыг тусгайлан авч үзэхээс гадна, нийт тусламж үйлчилгээний суурь тарифыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэн, тодорхой ажлуудыг хийж байна.

Тухайлбал, Дээр дурдсан хэт өндөр өртөг бүхий тусламж үйлчилгээнүүдийг аваад үзэхэд тухайн эмчилгээнд хэрэглэгддэг мэс заслын хэрэгслүүд нь өндөр үнэтэй байгаагаас тусламж үйлчилгээний зардал нь өндөр гарч байна. Иймд бид нэн тэргүүнд хувь хүнээс өндөр зардал гаргадаг, өндөр өртөг бүхий мэс заслын хэрэгслүүдийн зардлыг ЭМД-ын сангаас санхүүжүүлэх нь зүйтэй гэж үзэж, тодорхой тооцоо судалгаа хийн, 40 орчим нэр төрлийн өндөр өртөг бүхий мэс заслын хэрэгслийн зардлын

85 хувийг даатгалын сангаас, 15 хувийг даатгуулагч төлөх зохицуулалтыг хийсэн тушаалын төсөл боловсруулж Сангийн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд болон Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд хүргүүлээд байна. Энэхүү тушаалыг хэрэгжүүлэхэд 9 тэрбум орчим төгрөг шаардлагатай тооцоо гарсан.

Эдгээр байгууллагууд зөвшөөрч, төсөв нь батлагдвал өндөр өртөгтэй мэс заслын тусламж, үйлчилгээнүүдийг ЭМД-ын сангаас бодит өртгөөр нь санхүүжүүлэх нөхцөл бүрдэх юм. Энэхүү зохицуулалтыг жишээ дурдан тайлбарлавал, Зүрхний цочмог шигдээсийн үед хагалгаанд хэрэглэгдэх хэрэгслийн зардал нь 2,2 сая төгрөг байхад

үүний 15 хувь буюу 336 мянган төгрөгийг иргэн өөрөө, 85 хувь буюу 1,9 сая төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ гэсэн үг юм. Өнөөдрийн байдлаар иргэн өөрөө 100 хувь энэхүү зардлаа гаргаж, тусламж үйлчилгээг авч байна.

Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний суурь тарифыг нэмэгдүүлэх санал, тушаалын төслийг боловсруулж, Сангийн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдад хүргүүлсэн бөгөөд тушаал батлагдах шатандаа явж байна.

Бодит өртгөөр тооцоход ажиллагсдын цалинг хэдий хэмжээтэй болгох шаардлагатай байна вэ?

Эмчилгээ, үйлчилгээний өртөг дотор өнөөдөр цалингийн хэмжээ 7 хувь эзэлж байгаа бөгөөд дунджаар 486,7 мянга орчим төгрөг байна. Гэтэл бусад улс орнуудтай харьцуулахад энэ хэмжээ наад зах нь 40 хувь байдаг. Энэ жишгээр бодвол эмнэлгийн ажилчдын дундаж цалинг 2 сая төгрөг хүртэл өсгөх шаардлагатай.

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль хэлэлцүүлгийн шатандаа явж байна. Энэ хууль батлагдсанаар салбарын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд хэр түлхэц болох вэ?

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдвал эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэгдэх боломж бүрдэнэ гэж миний зүгээс харж байгаа. Тухайлбал, эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдсан нэг томоохон асуудал болох хувь хүн, өрхийн шууд төлөх төлбөрийн хэмжээ эрүүл мэндийн нийт зардлын 41 хувьд хүрсэн явдал юм.

Энэхүү хувь хүн, өрхийн эрүүл мэнддээ төлөх шууд зардлыг бууруулахын тулд иргэний өөрөө хариуцан төлдөг болон төр төлбөрийг нь хариуцах нэрээр бүрэн хариуцахгүй байгаагаас иргэн нэмэлт зардал гаргадаг тусламж, үйлчилгээнүүдийг Эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээнд үе шаттайгаар шилжүүлэх нэн шаардлагатай байгаа ба хуулийн төсөлд үүнийг хэрэгжүүлэх зохицуулалтыг тусгаад байна. 

Юуны түрүүнд дараах тусламж үйлчилгээнүүдийн зардлын зарим хэсгийг ЭМД-ын сангаас санхүүжүүлэх нь зүйтэй гэж Эрүүл мэндийн яамны зүгээс үзэж байгаа. Үүнд:

– MRI, томографи зэрэг өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээ  

– Өндөр өртөг бүхий мэс ажилбаруудын хэрэгслийн зарим зардал

– Өдрийн мэс заслын тусламж үйлчилгээ,

– Амбулаторийн эмчилгээ

– Өрх, сум, тосгоны эмнэлгээс үзүүлж буй зарим тусламж үйлчилгээ

– Хорт хавдрын хими болон туяаны өдрийн эмчилгээ

– Бүх шатлалын амбулаторийн эмчийн бичсэн жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт гэх мэт юм.

Иргэний ЭМД-ын хуулийн шинэчилсэн найруулгад тусгагдсан чухал зүйлүүдийн нэг нь Эрүүл мэндийн даатгалын бие даасан байгууллагын асуудал юм. Хэдийгээр Эрүүл мэндийн даатгал манай улсад бий болоод 20 жилийг үдэхдээ нийт хүн амынхаа 90,4 хувийг ЭМД-д хамруулж, эрүүл мэндийн зардлыг бүрдүүлэгч гол эх үүсвэр болсон боловч ЭМД-ын санхүүжилт нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх хөшүүрэг болж чадаагүй. Түүнчлэн иргэд даатгал болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаар сэтгэл дундуур байна.

Эрүүл мэндийн даатгалын бие даасан байгууллага байгуулагдаж, олон талын оролцоог хангасан Үндэсний зөвлөл бий болсноор эрүүл мэндийн даатгалын тулгамдаж буй олон асуудал шийдэгдэнэ гэж үзэж байна.