Төсвийн тодотголыг хэлэлцэж эхэллээ
МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг чуулганд хууль санаачлагчдын илтгэлийн танилцууллаа
2013.10.17

Төсвийн тодотголыг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцууллаа.

Нэгдсэн төсвийн 2013 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлийг энэ оны макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, гадаад болон дотоод эдийн засгийн нөхцөл байдал, экспортод гарах эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээ зэрэг үзүүлэлтэд үндэслэн тооцоход

2013 оны нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдал ДНБ-ний -6.8 хувьд хүрэхээр байгаа нь Төсвийн тухай хуулийн 34.1.2 зүйлийн “Урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 3 хувиар нэмэгдэх тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголын төслийг боловсруулж, Улсын Их хуралд өргөн мэдүүлнэ” гэсэн заалтын дагуу 2013 оны төсөвт тодотгол хийх нөхцөлийг үүсгэсэн байна.

Монгол Улсын 2013 он төсвийн тухай хуулийн 3, 5 , 9, 11, 12, 13 дугаар зүйлүүдийг өөрчлөн найруулсантай холбогдуулан төсвийн ерөнхийлөн захирагчдын орлого, зарлагын хэмжээг өөрчлөхөөр төсөлд тусгагджээ.

Түүнчлэн хуулийн 14 дүгээр зүйлийн “төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2013 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлт"-ийн хавсралт, 15 дугаар зүйлийн “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2013 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ын хавсралтад өөрчлөлт оруулахаар тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар үүсч буй төсвийн орлогын тасалдал нөхөгдөж, Төсвийн тухай хуульд заасны дагуу нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувьд хүрч хүлээгдэж буй орлого бүрэн төвлөрч, санхүүжилт тасалдахгүйгээр хуваарилагдаж төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа хангагдах юм байна.