Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-д айлчилж байна
МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна.
2013.10.23

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-д айлчилж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ сарын 22-26-ны өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна. Энэ нь Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүний хоёр дахь гадаад айлчлал болж байна.

Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Бээжин хотноо БНХАУ-ын дарга Си Зиньпин, Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзян нартай ажил хэргийн уулзалт, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтэй албан ёсны хэлэлцээ хийнэ.

Мөн Сычуань мужийн дарга Вэй Хун, Ляонин мужийн  дарга Чэнь Жэнгоа нар айлчлалын үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуягт бараалхаж, бүс нутгийн хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцоно. Өмнөд хөршид хийж буй Засгийн газрын тэргүүний айлчлалын үеэр хоёр талын хамтын ажиллагааны хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурна.

Хятадын баруун өмнөд бүс нутаг Сычуань мужийн Чөндү хотноо нээгдэж буй Хятадын баруун бүсийн олон улсын 14 дэх удаагийн үзэсгэлэнд Монгол Улсын Ерөнхий сайд гол зочноор уригдсан юм. Иймд тус үзэсгэлэнгийн нээлтэд үг хэлж, энэ үеэр болох “Хятадын баруун бүсийн олон улсын форум”-д оролцоно.

Айлчлалын хүрээнд мөн БНХАУ-ын зүүн хойд нутагт орших Ляонин мужид очно. Энд Монгол-Хятадын ажил хэргийн уулзалтад оролцож, Шэньян хотын бага сургуульд зочилж, “Хуй Шань” хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн парк, “Мэнню” сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэртэй танилцах юм.

Айлчлалын хүрээнд БНХАУ-ын зүүн хойд нутагт орших Ляонин мужид очно.

Монгол Улсын Засгийн газрын тэргүүн айлчлалынхаа төгсгөлд БНХАУ-д ажиллаж, сурч буй монгол иргэдтэйгээ Бээжин хотноо уулзалт хийнэ. 

Ерөнхий сайд Н.Алтанхуяг, гэргий Х.Сэлэнгэ нарын БНХАУ-д хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын найрамдлын бүлгийн дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг,

УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Зам тээврийн сайд А.Гансүх, БШУ-ны дэд сайд Б.Ургамалцэцэг, ҮХАА-н дэд сайд Ц.Туваан болон холбогдох яам, агентлагийн удирдлагууд ажиллаж байна.