Ц.Батхүү: Иргэдийн зөв зүйтэй санал санаачилгыг жижиг гэлгүй дэмжиж чадвал орон нутаг хөгжинө
БЗД-ийн ИТХ-ын дарга Ц.Батхүү
2013.10.24

Ц.Батхүү: Иргэдийн зөв зүйтэй санал санаачилгыг жижиг гэлгүй дэмжиж чадвал орон нутаг хөгжинө

БЗД-ийн ИТХ-ын дарга Ц.Батхүүтэй орон нутгийн хөгжлийн асуудлаар ярилцлаа. Тус дүүрэг манай улсын хамгийн том дүүрэг бөгөөд нийслэлийн хүн амын дөрөвний нэгийг эзэлдэг.

-Та жилийн хугацаанд Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хурлын даргаар ажиллаа. Энэ хугацаанд танай дүүрэгт иргэдэд хэрэгцээтэй ямар асуудлыг шийдэж чадсан бэ.

Би ажлаа аваад нилээдгүй хугацаа өнгөрлөө. Ажил маань иргэдтэйгээ ойр байж, тэдний тулгамдсан асуудлыг анхаарлынхаа төвд байлгаж шийдвэрлэх, тэдэнд өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд туслах л зорилготой ажиллаж байна. Бид дүүргийнхээ тулгамдсан асуудлыг иргэдээсээ асууж шийдвэрлэх зорилгоор энэ жил  санал асуулга явуулахад, иргэдийн 70-80 хувь нь цэцэрлэг, сургууль хэрэгтэй байна гэсэн хариулт гарсан юм. Манай дүүрэг нийт 28 хороо байгаагийн хоёр хороо нь гэхэд 17 мянган хүн амтай шүү дээ.  Энэ нь Говьсүмбэр аймагтай л адилхан гэсэн үг. Аймгийн дайтай хороо байна. Гэтэл энд  1 хорооны хэсгийн ахлагч 7, нэг цагдаа, засаг дарга долоон ажилтантайгаа иргэдэд төрийн үйлчилгээг хүргэхэд хаанаа ч хүрэлцдэггүй.

Өнөөдрийн байдлаар хороонд цэцэрлэг барья гэхээр газар олдохгүй байсныг бид зөвөөр шийдсэн. 7 болон 25 дугаар хороонд граж эзэмшдэг иргэдтэй тусгайлан уулзаж, газрыг нь чөлөөлүүлэхээр болсон. Иргэд үнэхээр хүүхэддээ хэрэгтэй цэцэрлэг барих асуудалд ухамсартай хандсан. Бид ч сайн тохиролцож, нөхөн олговор олгосон. Одоо 5 хороонд цэцэрлэг барихаар газрыг чөлөөлөөд байна.

Энэхүү 5  цэцэрлэгт  800-гаад хүүхэд хүмүүжих боломжтой болох бөгөөд ирэх оны 5-р сар гэхэд Канад технологиор цэцэрлэгүүд баригдаж эхэлнэ.

Цэцэрлэг барихаар газар чөлөөлж байгаа нь

-Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга хүний хувьд иргэдтэй хэр ойр ажиллаж байгаа вэ?

Дүүргийн Засаг дарга бид хоёр 28 хороогоороо явж, иргэдтэйгээ уулзаж санал сэтгэгдлийг нь сонссон.  Өнгөрсөн зургаан сард орон нутгийн хөгжилдөө иргэд яг юу хүсч байна вэ гэдгийг судалсан. Судалгаагаар хороодод тулгамдсан асуудлуудыг эрэмбэлсэн бөгөөд орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг эдгээр асуудлуудад зарцуулж байна.Үүнд иргэд их талархалтай байгаа. 

Хог хаягдал хамгийн их яригддаг учраас дүүргийн хэмжээнд нэг компани хүч нь хүрэлцдэггүй байсныг өөрчилж, дөрвөн компани болгоод хооронд нь уралдуулах зарчмаар менежментийг сайжруулж ажилласан. Засаг даргын тамгын газрын удирдлагуудын шуурхай хуралдаан болгон дээр танай хороо их сайхан цэвэрхэн байлаа гэх зэргээр хооронд өрсөлдүүлж байгаа нь их үр дүнтэй болж байгаа. Энэ бол маш шинэлэг арга болсон.

Зарим чиглэлээр хийгдэж байгаа шинэлэг, бүтээлч хэрэгжүүлсэн ажлаасаа танилцуулахгүй юу?

40 мянган төгрөгөөр эсгий урлалын сургалтад сууж, сарын дотор 1,5 сая төгрөгний ашиг олжээ.

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын ахалдагорон тооны бус дүүргийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулдаг зөвлөл ажиллдагюм.

Энэ зөвлөл маань гэмт хэрэг хийсэн хойно нь хашгирах биш, урьдчилан сэргийлэх чиглэлд анхааран ажиллаж байна. Бидэнтэй амьдралдаа алдаад, эргээд амьдрах итгэлээ олж, амьдралаа босгох гэж зүтгэж байгаа эмэгтэй ирж уулзсан. Тэрээр суллагдаад гар урлалын сургалтад сууж, эсгий урлалаар бүтээгдэхүүн урлан, түүнийгээ борлуулан багахан ашиг олсондоо урам орсон учир бусад хүмүүст туслахыг хүссэн. Бид түүнийг нь дэмжиж, хоригдож байсан хорихын эмэгтэйчүүдэд нь 14 хоногийн эсгийн урлалын сургалтыг хийлгэж, тэдгээр эмэгтэйчүүдэд урам зориг өгсөн. Суллагдаж гараад хүн өөрөө хичээвэл боломж байна гэдгийг бусаддаа ойлгуулсан нь хамгийн том амжилт. Үүнд түшиглэн Улаан загалмайн хорооны шугамаар Нидерландийн төслийг авч энэ төслийн хүрээнд 5 оёдлын машинтай жижиг оёдлын цехийг ажиллуулж хорихоос суллагдсан эмэгтэйчүүдийг сургах цаашлаад ажлын байраар хангаж ажилтай, орлоготой болгох алсын зорилготой юм.

Одоо бүтээгдэхүүнээр нь үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байгаа. Мөн УЗХ-той  хамтран Америкийн нэгдсэн улсын Кубанис клубын Төлөөлөгч Чарли Харрисыг урьж, тэрээр 55-р тусгай сургуульд төсөл хэрэгжүүлж англи хэлний танхимыг иж бүрнээр нь тохижуулахаар ажиллаж байна. Энэ гадны байгууллагын тусламж мөн Цагдаагийн байгууллага, прокурорын байгууллага гээд бидний нэг л зүйлийн төлөө хамтарч ажиллаж байгаа маань гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд их дөхөм болно гэж найдаж байна.

Мөн дүүргийн 7 дугаар хороо нь архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг газрууд олноороо нэг дор байрласан, түүний улмаас гэмт хэргийн гаралт ихсэж байгаад бид дүгнэлт хийж Баянцээлийн дэргэдэх  цагдаагийн постыг шинэчлэн тохижуулж, IP дижитал 5 камерын  систем бүхий байнгын ажиллагаатай пост болгохоор санхүүжилтийг шийдвэрлэн ажиллаж байна. Одоогоор ажлын гүйцэтгэл 60%-тай явагдаж байна.

-Иргэд дүүрэг хороондоо эрүүл аюулгүй орчинд л амьдрахыг хүсдэг. Энэ үүднээс ямар ажлуудыг хийж байгаа вэ.

Дүүргийн хэмжээнд дээрхи асуудлыг зохицуулж иргэдэд ойртуулахын тулд дүүргийн Хөгжлийн төв Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг шинээр бий болгож Газар Өмчлөгчдийн Холбоо-Сууц Өмчлөгчдийн Холбооны асуудлыг хариуцан ажиллаж эхлээд байна. Учир нь дүүргийн хэмжээнд гэр хороололын айл өрхүүд ихээхэн хувийг эзэлдэг тул гэрэлтүүлэг, зам талбай, дэд бүтэц, камержуулалт гээд нилээд хүндрэлтэй  асуудлууд иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөөд байгаа юм.

Орон сууц, байрны айлууд дунд СӨХ байдаг шиг гэр хороололд бас ГӨХ-ийг байгуулна гэсэн үг. Одоо Газар өмчлөгдийн холбоог санаачлаад төсөл нь явж байгаа. Хоёр гудамжинд нэг ахлагчтай болж гудмаараа тулгамдсан асуудлаа шийдээд, тохижилт, гэрэлтүүлгээ хийнэ. Иргэд ч гэсэн идэвхтэй болж  өөрсдийн газраа цэвэр орчинд амьдрах, хогоо хаяхгүй байх гэх мэт санал санаачилга гаргаж ажиллана гэж найдаж байгаа. Газар өмчлөгчдийн холбоотой болвол бие биендээ шаардлага тавина. Энэ төслийг сайн бодож төлөвлөж байгаа. Гоё сайхан ярьж байгаа ч амьдрал дээр сайн хэрэгжүүлмээр байна.  Хэрэгжээд эхэлсэн хойно эргэж ярих нь зүйтэй байх.

-Танай дүүргийн хувьд бусад дүүргээс юугаар илүү онцлог вэ?

Манай дүүрэг нийт 300 мянган хүн амтай болж, жил ирэх тусам хүн ам нэмэгдэж байна. Монгол улсын хүн амын 13 хувийг эзэлдэг. Хүн амын төвлөрөлийг дагаад төрийн үйлчилгээг авах иргэдийн ачаалал маш их. Манай дүүрэгт томоохон “Чингис”, “Хаан палас” зэрэг зочидбуудал үйлчилгээний байгууллагууд, худалдаа үйлчилгээний Нарантуул, Өгөөмөр, Цайз, Да-хүрээ зэрэг арваад том зах болон төвүүд байна. Манай дүүрэг дөч гаруй мянган малтай. Хонхор /20-р хороо/ тосгоны статустай явдаг. Тахиа, туулай, хүлэмж гээд өрхийн аж ахуй эрхэлдэг иргэд их бий

-Ирэх онд ямар ажлыг хийхээр төлөвлөж байна вэ. Дүүргийн зүгээс ямар бодлого барих нь зүйтэй вэ?

Иргэд бидэнд их хандаж байгаа. Ер нь цаашдаа өрхийн үйлдвэрлэл, байгаль орчноо хамгаалах зэрэг иргэдийн өөрсдийн хийж чадах зөв зүйтэй аливаа ажлыг бид бодьтой дэмжих бодлого барина.

Тухайлбал 9 сард бид судалгаа авч, дүүргийн хэмжээнд 60 хүүхдийг МСҮТ-д сургахаар болсон. Ер нь иргэдээс гарсан санаачилгыг жижиг гэлгүй дэмжвэл дүүрэг хөгжинө. Гэхдээ зарим тохиолдолд хөгжил гэхээр хүмүүс том зүйл боддог. 3000 хүнийг нэг дор ажлын байраар хангана ч гэдэг юм уу. Гэтэл тийм биш. Жижиг зүйл, багахан өөрчлөлтөөс л эхэлнэ. Энэ намар хашаандаа хамгийн сайн мод тарьж байгаа иргэнийг урьж авчраад Иргэний танхимд туршлагыг бусад иргэдэд танилцуулсан. 

Тэр иргэн маань хашаандаа янз бүрийн мод тарихаас гадна, жижиг цөөрөм байгуулаад нугас тэжээж байсан. Бид очиж үзсэн. Бас нэг залуу өөрийнхөө гараар маш том хүлэмж хийсэн байсан. Өөрөө ч хүлэмж гэж юу байдгийг ч мэдэхгүй мөртлөө, судалж байгаад дүү нартайгаа нийлээд ногоо тарьж, зоогийн газруудад нийлүүлж байгаа гэсэн. Гэх мэтээр иргэд маань их идэвхтэй амьдарч, санаачилга гаргах боллоо. Бид түүнийг дэмжих л хэрэгтэй.

Ярилцсанд баярлалаа.