Н.Удвал: Дараагийн дарга томилогдтол Ц.Энхбаяр дарга үйл ажиллагааг үргэлжлүүлнэ
Улсдаа ганцхан гэгддэг гэмтэл согог судлалын төвийн даргыг солисноос хойш тус эмнэлэг дээр асуудал ар араасаа үүссээр ирсэн. Харин эрүүл мэндийн сайд Н.Удвал даргын томилгоог цуцалснаар үйл ажиллагаа одоо хэвийн явагдаж байгаа гэсэн мэдээлэл байгаа.
Гэсэн хэдий ч дараагийн дарга хэн байх вэ? тэднийг ажилчид нь хүлээн зөвшөөрөх үү гэдэг олон асуулт байгаа учир Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг мэдээнийхээ өрөөнд урилаа.
Та яагаад гэмтэл согог судлалын үндэсний төвийн даргаар Ц.Энхбаяр гэдэг энэ хүнийг томилсон юм бэ?
Төсвийн ерөнхийлөн захирагч эрүүл мэндийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний хувьд эмнэлгийн дарга нараа томилох эрх байдаг. эрүүл мэндийн яам салбар зөвлөлтэй. Тэр салбар зөвлөлийг төрийн албаны зөвлөлөөс баталгаажуулж өгдөг. Өөрөөр хэлбэл сонгон шалгаруулалтыг явуулах эрх зүйн чадамжтай гэж төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан комиссыг томилж өгдөг.
Энэ комисс баталгаажуулах ажил эрүүл мэндийн яаманд саатаж гэмтэл согог судлалын даргыг сонгон шалгаруулах үйл ажиллагаа олон сараар саатсан байгаа. Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны салбар зөвлөлийг сонгон шалгаруулах чадамжгүй, баталгаажуулах боломжгүй гэсэн хариу ирсэн учир бид 9-р сарын 25-ны өдөр Ц.Энхбаяр даргыг томилсон.
Гол шалгуур нь сонгон шалгаруулалтад оролцохоор өргөдөл өгсөн хүмүүс байсан. Ихэнх нь гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, дарга хийж байсан хүмүүс. Харамсалтай нь тэд бүгд бие биенээ матаж, гомдол ирүүлсэн. Энэ дундаас үлдсэн нь Ц.Энхбаяр байсан. Мөн эмэгтэй хүний хувьд тууштай шударга, шинэчлэлийн бодлогод хэний ч нөлөө орохгүй бат зогсож чадна гэдгийг харгалзан үзэж томилсон.
Ц.Энхбаяр даргыг хүлээн зөвшөөрөхгүй гэж ажлаа хаяж байгаа хүмүүс дотор тус эмнэлэгт ажиллаж байгаа хүмүүс байгаа гэсэн үг үү?
Ц.Энхбаяр даргыг хүлээн зөвшөөрөхгүй гэж ажлаа хаяж байгаа хүмүүсийн гурав нь сонгон шалгаруулалтад оролцож байгаа хүмүүс.
Эмнэлгийн өмнөх даргыг яагаад ажлаас нь чөлөөлсөн юм бэ?
Нэг сард эрүүл мэндийн сайдын тушаал гарч харьяа төвүүдийг стандартын нэг шатаар ахиулах, лавлагаа төв болгох олон улсын жишигт ойртсон төв болгох шийдвэр гаргаад бүх захиралтай уулзаад чөлөөлсөн. Гэхдээ дарга нарын саналаар түр орлон гүйцэтгэгч нарыг томилсон. Бүх дарга нараа сонгон шалгаруулалтад оролцохыг урьсан байгаа.
Харамсалтай нь сонгон шалгаруулалт явагдаж байх үед төрийн үйлчилгээний албан тушаалтнуудыг сонгон шалгаруулах журам гаргаж хойшлуулсан. Сонгон шалгаруулалт эрүүл мэндийн хөгжлийн төвд зарим дарга, эмч нар шалгалт өгөөд тэнцсэн.
Яг шалгалт авч байх үед мөн тог тасарсан. Тиймээс үлдсэн эмнэлгийн дарга нарын сонгон шалгаруулалтыг төрийн албаны зөвлөлд авахаар болсон. Тэнд шалгалт өгсөн хүмүүс ихэнх нь унасан байгаа. Ингээд процесс явсаар байгаад өнөөдөр гацаанд ороод төрийн албаны зөвлөлөө баталгаажуулж чадахгүй явж байна.
Ц.Энхбаяр даргын томилгоог цуцлахгүй гэж байсан. Яагаад шийдвэрээсээ буцах болов?
Би Ц.Энхбаяр даргыг томилоод хөдөлмөрийн гэрээ хийсэн. Хөдөлмөрийн гэрээг захиалагчийн санаачилгаар цуцлах хуулийн заалттай. Эмч ажилчдаас тавьсан шаардлага хуулийн үндэслэлгүй байсан.
Тиймээс хэд хоногийн өмнө эрүүл мэндийн сайдын зөвлөл хуралдаж эмч ажилчид, шинээр томилогдсон дарга ч тэр, эрүүл мэндийн сайдын зөвлөл ч гэсэн хууль дүрэм гэхээсээ илүүтэй өвчтөний эрүүл мэнд, аюулгүй байдал, амь нас хамгийн чухал гэдэгт гурван тал нэгдэж эрүүл мэндийн тусламжийн аюулгүй байдлыг хангах үүднээс томилгоог хуулийн заалт байхгүй ч гэсэн цуцлах нь зүйтэй, байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулж ирж байгаа тусламж үйлчилгээг цаг үед нь үзүүлэх ёстой гэдэг үүднээс хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргасан.
Дараагийн дарга томилогдтол даргын үйл ажиллагааг хийх шийдвэрийг сайдын зөвлөлөөс зөвлөгөө болгосны дагуу шийдвэр гаргаад гэмтэл согог судлалын эмч нар ажил хаялтаа зогсоож хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа.
Үргэлжлэлийг бичлэгээс...