Монгол Улсын Засгийн гишүүн Эрүүл Мэндийн сайд Н.Удвал
2013.10.31

Н.Удвал: Яам сонгон шалгаруулалтыг хурдан хийх хүсэлтэй байгаа

Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг Сайдын зөвлөлийн хурлаас түр гарч ирэх үед түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Уржигдар шөнө 19 эмчийг ажлаас нь хууль бусаар халсан гэсэн. Одоогоор хэдэн эмчийг халаад байна вэ. Цаашдаа ингээд халаад байхаар шийдсэн хэрэг үү?

-Би энэ шийдвэрийг ганцаараа гаргаж чадахгүй. Одоо сайдын зөвлөлийн хурлыг хуралдуулж зөвлөгөө авах гэж байна. Яамны болон эмнэлгийн зүгээс захиргааны санаачилгаар нэг ч хүнийг халахгүй гэсэн байр суурьтай байгаа. Өмнө нь халагдсан хүмүүс өөрсдөө өргөдлөө өгч хал гэж шаардаж байж тушаал гаргуулсан.

Хэрвээ тэд эргээд ажилдаа орьё гэвэл өргөдөл өгөөд ажилдаа орох боломжтой. Уржигдар орой 19-20 цагийн үед 80 эмч, эмнэлгийн удирдлагадаа мэдэгдэл хүргүүлсэн байна. Уг мэдэгдэлд тэд ажлаа орхиж байгаагаа тодорхой бичиж. Тиймээс Ц.Энхбаяр дарга нэг бүрчлэн утасдаж "Маргааш ажилдаа ирэх үү" гэж лавлаж асуусан байна. Түүнээс биш ажлаас халлаа гэсэн үг огт хэлээгүй гэсэн. Ямар ч байсан үүсээд байгаа асуудал бүрт Ц.Энхбаяр даргаас тайлбар авна.

-Эмч нар халагдсанаас болж орны хүнийг нь өөр эмнэлгээс авчирсан. Энэ хооронд хүний амь нас хохирсон гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Үгүй ээ. Гаднаас нэг ч эмч ГССҮТ-д ирж ажиллаагүй. Ер нь, сонгон шалгаруулалт болтол энэ хүнийг томилж байна гэж хэлсэн. Энэ бол хууль бус томилгоо биш. Эрүүл мэндийн яам сонгон шалгаруулалтыг хурдан хийхийг л хүсч байна.

-Эмч, ажилчид ажлаа хаяж байгаагаас эмнэлгийн үйл ажиллагаа доголдож эхлээд байна?

-Үгүй ээ. Одоогийн байдлаар хэвийн байна.

-Эмнэлгийг цагдаагийн хамгаалалтад авсан байна. Юуны учир тэр вэ?

ГССҮТ /Гэмтлийн эмнэлэг/

-Төрийн тусгай объектэд ажил хаялт зарлаж, захиргааны зөрчил гаргавал харьяа дүүргийн цагдаагийн байгууллага хэв журмыг сахиулах үүрэгтэй юм билээ.

Энэ үүднээс дүүргийн цагдаа нар ирсэн байх. Эрүүл мэндийн байгууллагад ажил хаях эрхгүй. Хэрэв хаях юм уу ямар нэгэн хүн турхирсан бусдыг өдөөн хатгасан үйл явдал болж байвал тэрийг зогсоох үүрэг нь цагдаад байдаг.

-Эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтыг яагаад дахин зарлаж болохгүй байгаа юм бэ?

-Төрийн албаны зөвлөл байгуулагдаагүй байна. Яамны газрын дарга нар, төрийн нарийн бичгийн дарга ч албажаагүй. Бусад яамны бүх газрын дарга нарыг албажуулсан.

Манайхны хувьд өмнө нь төрийн албанд газар, хэлтсийн даргаар ажиллаж байсан хүмүүс байгаа. Хэрэв төрийн албаны зөвлөл газрын дарга нарыг албажуулаад төрийн албыг сонгон шалгаруулж төрийн жинхэнэ албан хаагч гэх юм бол өнөөдөр ч сонгон шалгаруулалт явуулахад бэлэн.

-Хэрэв эмч ажилчид ажлаа хаячихвал яах вэ. Яамны зүгээс ямар арга хэмжээ авах вэ?

-Нэг ч хүн ажлаа хаяхгүй, эмнэлгийн уйл ажиллагаа цаашдаа хэвийн үргэлжилнэ.

ГССҮТ-ийн эмч, ажилтнуудын дунд нууц санал хураалт явуулах болсныг Сайдын зөвлөлөөс дуулгалаа. Сайдын зөвлөлийн гишүүд ГССҮТ-д үүсээд буй нөхцөл байдлыг дүгнэхдээ, хэсэг бүлэг хүн явуулга, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой байж болзошгүй гэж үзсэн тул ийнхүү эмч, ажилтнуудын дунд санал санал хураалт явуулахаар шийдсэн байна. Санал хураалтад 250 гаруй эмч, ажилтан оролцож байна гэсэн мэдээллийг бидэнд өгсөн юм.

Ингээд бүтэн өдөржин хуралдсаны эцэст 14 хоногийн дараа шинэ удирдлагаа томилохоор боллоо. Харин ЭМЯ-наас өнөөдөр Ц.Энхбаярыг халсан тушаалдаа ГССҮТ-д хүргүүлнэ гэлээ. Халагдах өргөдлөө өгсөн эмч нар шинэ удирдлага томилогдсоны дараа ажилдаа ороход бэлэн гэдгээ ч илэрхийллээ.