Н.Удвал: Эрүүл мэндийн зардлын 41 хувь нь иргэдийн халааснаас гарч байна
UBS телевизийн “Студи-4” нэвтрүүлгийн зочноор Эрүүл мэндийн сайд Н.Удвал оролцож эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн талаар ярилцлаа.
-Эрүүл мэндийн салбарт хийсэн шинэчлэл юу байна вэ?
-Эрүүл мэндийн салбар бол МУ-ын засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэ нь дотроо монгол хүн эх орондоо эрүүл мэндийн өндөр чанартай тусламж үйлчилгээг авах боломжийг бүрдүүлнэ гэсэн зорилттой. Энэ зорилтын хүрээнд хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлээд байна.
-Нэгдүгээрт бүсийн оношилгоо үйлчилгээний төв байгуулахаар Солонгосын Засгийн газрын зээлээр 55 сая доллараар солонгос стандартын монголд эмчлэгдэхгүй байгаа 27 өвчнийг эмчилж чаддаг болох зорилтыг хэрэгжүүлж байна.
-Хоёрдугаарт Ерөнхий сайдын шинэчлэлийн багцаас 11 аймагт бүсийн оношилгооны төв байгуулахаар төлөвлөж байна. Энэ нь хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод эмчлүүлэхээр ирж буй иргэдийн ачааг хөнгөвчилж, тоог багасгах ач холбогдолтой.
-Гуравдугаарт энэ онд бүх аймгуудаа зайны оношилгооны аппараттай болголоо. Хэрэв үүнийг зөв ашиглаад байнгын хэрэглээ болгочихвол монголдоо гадаадаас оношилгоо шинжилгээний талаар зөвлөгөө авах, орон нутаг төслөрсөн төв эмнэлгүүдээсээ зөвлөгөө авах бололцоо бий. Энэ ажлуудыг зохион байгуулна.
Төрөлт 4000 гаруйгаар нэмэгдэж, эхийн эндэгдэл зургаа дахин буурсан.
Нийт эрүүл мэндийн зардлын 41 хувь нь иргэдийн халааснаас гарч байна гэсэн 2005 оны судалгаа байдаг. Энэ бол асар өндөр тоо. Өөрөөр хэлбэл, өвчтөн даатгуулсан мөртлөө бараг тал хувийг өөрөө гарган эмчлүүлж байна гэсэн үг. Олон улсын жишигт энэ хэмжээ 15% байхад тухайн улс хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах ажлыг зөвшөөрөгдөх хэмжээнд хангаж чадаж байна гэж үздэг.
Энэ Засгийн газрын хугацаанд 25-аас доош хувьд хүргэхийг зорьж байгаа. Мөн монголд анх удаа эмнэлгийн тусламж үйлчилгээний тарифийг тооцсон. Тухайлбал, нэг хүний эрүүл мэндийн даатгалаар хэвтэж эмчлүүлж буй нэгдсэн суурь тариф дунджаар 210 мянган төгрөг байхаар тооцсон байдаг. Гэтэл бодит өртөг 360 мянга байна.
Үүнд үндэслээд Эрүүл мэндийн яам, Сангийн яам, ХАХНХ-ын сайдын хамтарсан тушаалаар тарифаа өсгөж, бодит өртөгт ойртуулан 33 тэрбум төгрөг ирэх оны төсөвт суулгалаа. Түүнчлэн өндөр өртөгтэй гэмтлийн төлбөр, багаж хэрэгслийн 85 хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргахаар есөн тэрбум төгрөгийг төсөвт тусгахаар тооцож байна гэх мэтчилэн шинэчлэлийн ажлыг эхлүүлж байна.
-Солонгос загварын оношилгооны төв хэдэн онд хүндээ үйлчилж эхлэх вэ?
-Солонгос загварын эмнэлэг учраас солонгосчууд өөрсдөө эмнэлгээ барьж, зөвлөх компани нь техник технологио суурилуулж, сургалтаа явуулна. Тиймд солонгос талаасаа хамааралтай байгаа. Одоогийн байдлаар бид зөвлөх компаниа шалгаруулаад хариугаа хүлээж байна.
-Өнөөдөр монгол хүний дундаж наслалт хэд байна. Өвчлөл хэр байна вэ?
-Оны эхний есөн сарын эрүүл мэндийн статистик үзүүлэлтийг 2012 оны эхний есөн сартай харьцуулж үзлээ. Үүнээс үзэхэд төрөлт 4000 гаруйгаар нэмэгдэж, эхийн эндэгдэл зургаа дахин буурсан. Хамгийн бахархууштай нэг баримт нь нас баралт 931 хүнээр буурсан үзүүлэлттэй байна. Энэ бол бодит ахиц. Халдварт өвчин 10 гаруй хувиар буурлаа. Энэ бол нааштай үзүүлэлт.
Хамгийн бахархууштай нэг баримт нь нас баралт 931 хүнээр буурсан.
Эдгээр үзүүлэлтийг харахад нийт эрүүл мэндийн байгууллага, ажилтнуудын хөдөлмөрийн үр шим, Засгийн газраас явуулж буй бодлогын үр дүн харагдаж байгаа юм. Бид эхийн эндэгдлийн хувьд хамгийн их эндэгдэлтэй орноос дунд зэргийн эндэгдэлтэй орны тоонд орсон үзүүлэлттэй гарсан. Эхний есөн сарын байдлаар 21 эх нас барснаас 15 нь Улаанбаатар хотод байгаа нь ихээхэн анхаарал татаж байна.
Дэд бүтэц эрүүл мэндийн том төвүүдтэй, эмч, тоног төхөөрөмж сайтай газар эндээд байгаа нь их сонин. Харамсалтай нь үүний дөрвөн эх нь зах дээрээс үр зулбуулдаг эм авч уугаад эцсийн шатандаа ирээд эмнэлэгт нас барсан тохиолдол байгаа. Иймээс эхийн эндэгдлийг бууруулах нь ганц эмнэлгийн байгууллагын асуудал биш болоод байна.
Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...