С.Ганбаатар: Мэдээллийг ардчиллын хүчилтөрөгч гэдэг
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2013.11.07

С.Ганбаатар: Мэдээллийг ардчиллын хүчилтөрөгч гэдэг

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

Сонгууль, татвар хоёр л ард түмнийг хаан болгох бололтой. Сонгууль дөрвөн жилд нэг удаа, татвар сар бүр нэг удаа. Татварын зарцуулалт эцэстээ улс, орон нутгийн төсвөөр дамжин иргэддээ хүрдэг. Татвар хэрхэн юунд зарцуулагдаж, иргэний амьдрах орчныг төр засаг хэрхэн бүрдүүлж байгаа нь Монгол Улсын иргэний эрх, үүргийн биелэлтийг хангах юм.

Хүний эрхийг дээдэлдэг нийгмийн амин сүнс нь нээлттэй мэдээлэл юм

Төсвийн төлөвлөлт, зарцуулалт иргэнд ил тод, зохих зүйлдээ зарцуулагдаж байгаад иргэн хяналтаа тавих бололцоог төсвийн бүх захирагч нар олгох хуультай, журамтай. Энэ хууль журмын хэрэгжилт нь төсвийн захирагч нарын сахилга, хариуцлагатай мэдээлэлтэй шууд холбоотой.

Мэдээллийг ардчиллын хүчилтөрөгч гэдэг. Хүний эрхийг дээдэлдэг нийгмийн амин сүнс нь нээлттэй мэдээлэл юм. Иргэдийн мэдээлэл олж авах эрхийг л хангахад асуудлын гол оршино. Ард түмэн хаан болох арга хэрэгсэл нь үнэн бодит, шуурхай, цаг алдаагүй мэдээлэл. Ард түмэн - Хаан болохын тулд эхлээд мэдээлэл олж авцгаая.