“Metals Mongolia-2013” хоёрдугаар чуулга уулзалт эхэллээ.
2013.11.08

“Metals Mongolia-2013” чуулган эхэллээ

Уул уурхай, металлургийн салбарын хандлагыг тодорхойлдог “Metals Mongolia-2013” хоёрдугаар чуулга уулзалт эхэллээ. Чуулга уулзалтын эхэнд Уул уурхайн сайд Д.Ганхуяг үг хэлж, мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Анхдугаар чуулга 2011 онд болж байсан бөгөөд металлургийн салбарыг хөгжүүлж, тулгамдсан асуудлаа хэлэлцэн шийдвэрлэх зорилготойгоор энэхүү чуулгыг уламжлал болгон зохион байгуулахаар болсон.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улс төмөрлөг бүтээгдэхүүнийхээ импортыг зогсоож, төмөрлөг үйлдвэрийн салбараа хөгжүүлнэ” гэдгийг онцолж байлаа. Тиймээс ч энэ удаагийн чуулга уулзалтаар аж үйлдвэржсэн эдийн засгийн суурийг бий болгох, уул уурхай металлургийн салбарт байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, удахгүй хэрэгжих алт, зэс, төмөр хөтөлбөрүүд болон Сайншандын аж үйлдвэрийн паркийн талаар ярилцах юм.

Одоогийн байдлаар чуулганы нэгдүгээр хэсэг буюу “Уул уурхай, металлургийн салбарын өнөөгийн байдал, чиг хандлага” сэдвийн хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Чуулган үндсэн дөрвөн сэдвийн хүрээнд үргэлжлэх бөгөөд чуулганы хоёрдугаар хэсгээр “Алтны салбар”, гуравдугаар хэсгээр “Зэсийн салбар”, дөрөвдүгээр хэсгээр “Хар төмөрлөгийн салбар”-ын талаар хэлэлцэх аж.