Л.Энх-Амгалан: Өрийн босгыг өсгөж болохгүй
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай ярилцлаа.
-2014 оны төсвийг батлах хуулийн хугацаа тулчихаад байна. Бүлгүүд ойлголцолд хүрч байна уу?
Засгийн газраас өргөн барьсан төсөл дээр хоёр намаас гарсан ажлын хэсэг ажиллаж байна. Аль болох хурдан гараас гаргах гэж, хурдан түргэн батлуулах гэж хичээж байгаа. Гэхдээ гол хэд хэдэн зүйл дээр бүлгүүд тохиролцож чадахгүй байна.
-Тэр нь юу вэ?
-Улсын өрийн асуудал байна. 2014 оны төсвийн хуультай хамт Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах санал Засгийн газраас орж ирсэн. Энэ нь өрийн хэмжээг ДНБ-ний 40 хувиас хэтрүүлэхгүй байна гэсэн заалтыг өөрчлөх санал л даа. Засгийн газар 40-ийг 60 болгож өсгөе гэсэн. Хэрэв энэ саналыг хүлээж авбал Монгол Улс ирээдүйд өрийн дарамтад орох бодит нөхцөл үүснэ гэж манай бүлэг үзсэн.
-Өрийн хэмжээ тэгтлээ өсчихөөд байгаа юм уу?
-Одоогийн байдлаар зөвхөн Засгийн газрын өр 8.4 тэрбум ам.доллар болчихсон. Үүнийг ДНБ-тэй харьцуулахад 50 хувьд хүрчихсэн. Уг нь 40-д барих ёстой шүү дээ. Гэтэл одоо бүр 60 хувьд хүргэнэ гэдэг бол их өрийн дарамтад орохын л эхлэл. Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт чуулган дээр ирэх онд Засгийн газар 2.1 тэрбум ам.долларын бонд босгоно гэж мэдэгдсэн нь өөрөө хариуцлагагүй мэдэгдэл. Нэгд одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиудыг хэрэгжүүлэхгүй гэдгээ хэллээ.
Хуулиа өөрчилж байж мэдэгдэл хийх байтал даваад л мэдэгдэл хийчихлээ. Хэрэв энэ 2.1 тэрбум ам.долларын өр нэмж тавих юм бол 2017 оноос улсын төсөв өрийн дарамтад орно. Өөрөөр хэлбэл, 2016 оны сонгуулийн дараа байгуулагдах Засгийн газар маш их өрийн дарамтад орох үүдийг нээнэ. Яагаад гэвэл, улсын төсвөөс л өрийг буцааж төлнө шүү дээ. Тиймээс бид өрийн хэмжээг одоо байгаа босгоос нь өсгөж болохгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа.
-УИХ таван тэрбум ам.долларын бонд гаргах эрхийг Засгийн газарт өгчихөөд өрийн хэмжээг өсгөж өгөхгүй гэдэг чинь хоёр шийдвэр нь зөрөөд байгаа юм биш үү?
Өнгөрсөн жил босгосон 1.5 тэрбум ам.долларын бондын зарцуулалтын үлдэгдэл нь 600 орчим сая гэнэ.
-УИХ-ын тогтоол бол зөвхөн үнэт цаас худалдаалах эрхийг л олгосон. Ингэхдээ тавьсан шаардлага бол зөвхөн дэд бүтцийн бэлэн болсон төслүүдэд зориулж хөрөнгө босго гэсэн. Гэтэл яаж байна. Өнгөрсөн жил босгосон 1.5 тэрбум ам.долларын бондын зарцуулалтын үлдэгдэл нь 600 орчим сая гэнэ.
Учир нь, ТЭЗҮ нь бэлэн болсон төсөл манайд алга. Иймэрхүү байдлаар төсөл нь бэлэн болоогүй байхад мөнгө битгий авч ир, тэгснээр хоосон хүү л төлөөд байна шүү дээ. Ийм л зарчимтай. Ер нь бол улсын өр гэдэг зүйлийг хаяж болохгүй. Зээлийн хүүг төсвөөс төлж байгаа учраас Хөгжлийн банкнаас гаргасан 580 сая ам.доллар, “Чингис” бондын тэрбум ам.долларын эх үүсвэр, зарцуулалтыг улсын төсөв дээр тавьж байх ёстой. Хүүгийн зардлыг нь буюу жилдээ 110 тэрбум төгрөг улсын төсвөөс төлнө.
Нэгэнт зээлийн хүүг нь улсын төсвөөс төлж байгаа бол орлого, зарлагыг нь ч төсөв дээрээ авах ёстой. Нөгөө талаас УИХ-аас бондын зарцуулалттай холбогдож гарсан тогтоол, ҮАБЗ-ийн зөвлөмжүүдийн хэрэгжилтийг шаардах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол Бодлогын зөвлөл гэсэн хэдхэн хүний яриагаар л бондын зарцуулалт явж байна шүү дээ.
-Төсвийн урсгал зардал дээр танах, тэвчиж болох зүйл их байгаа гэж ярьж байна. Үнэхээр тийм байна уу?
-Төсвийн урсгал зардал хэтэрхий өсөх нь. 2014 оны төлөвлөж байгаа зардлыг 2013 оныхтой харьцуулахад л 170 тэрбум төгрөгөөр нэмэгдэх нь. Энэ бол маш их хэмжээний мөнгө шүү дээ. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед төсөв бүсээ чангалах бодлого барих ёстой.
Тэвчиж болох зардлаа хэмнээд, төсвийн урсгал зардлыг 2013 оны хэмжээнд барьж чадвал 170 тэрбумыг хэмнэх бололцоо байна. Энэ мөнгийг хэмнэж чадвал эргээд цалин, тэтгэвэр нэмэх эх үүсвэрийг шийдэж болж байгаа юм.
-Ингэтлээ өсөөд байгаа гол шалтгаан нь юу вэ?
-Маш олон улсын үйлдвэрийн газрууд байгуулагдлаа. Энд зардал өссөн. Хамгийн гол нь босоо тогтолцоотой агентлагуудыг байгуулсан. Хуучин нэг аймаг дээр Хөдөө, аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газар гээд 16 хүнтэй байгууллага байсныг өнөөдөр гурав салгасан байх жишээтэй. Тэгээд аймаг бүртээ жижиг хэмжээний гурван байгууллага бий болчихсон.
Энэ мэтээр төсөв маш их данхайсан. Бүх агентлагийг босоо тогтолцоотой болгож, аймаг дээрээ шийдэж байсан юмыг Засаг даргаас нь салгаж сайд нарт хариуцуулснаар тэд нь салбараа аймаг дээр нээж байгаа юм. Ийм данхар бүтэц бий болгосон нь урсгал зардлыг 170 тэрбум төгрөгөөр нэмж байна.
Үүнийг бид тэвчих зардал гэж үзэж байгаа юм. Үнэхээр л эдийн засаг хүндрэлтэй, төсвийн орлого бүрдүүлэлт хүндрэх магадлалтай бол хамгийн гол нь бид урсгал зардлаа бууруулж, тэвчих зардлаа тэвчих л хэрэгтэй. Дээр нь онц шаардлагагүй хөрөнгө оруулалтыг хасах ёстой.
-Тодруулахгүй юу. Хөрөнгө оруулалт дээр ямар байр суурьтай байгаа юм бэ?
-Манай бүлгийн ажлын хэсгээс 250 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг онц шаардлагагүй гэж үзэж байгаа. Үүнийг хэмнэх юм бол урсгал зардлын 170-тайгаа нийлээд 450 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр төсвөөс гарч ирэх бололцоо байна. Энэ эх үүсвэрээр юу хийх ёстой гэхээр ард иргэдийн цалинг нэмэх ёстой гэж үзсэн.
-Төсөвт өртөг нь жил бүр нэмэгдээд байгаа объектууд дээр танай бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
-Зөвхөн 2012 оноос хойш хийж эхэлсэн төслүүдийн төсөвт өртөг 2014 оны төсвийн төсөлд 343 тэрбум төгрөгийн зөрүүтэй байна. Өөрөөр хэлбэл, анхны төсөвт өртгийг нь ийм хэмжээгээр нэмнэ гэж Засгийн газар санал оруулж ирлээ. Энэ бол огт үндэслэлгүй тоо. Ховдод баригдах, Хөвсгөлд баригдах, хотод босох 100 хүүхэдтэй цэцэрлэгийн барилгын өртөг газар бүр өдөр, шөнө ялгаатай байна.
Ер нь бол удаан жил үргэлжилж байгаа, дуусдаггүй объектуудын учир шалтгааныг олох ёстой гэж байгаа. Өнгөрч буй жилийн Засгийн газрын бас нэг алдаа бол УИХ-аас баталж өгсөн 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл дөнгөж л 30,40-хөн хувьтай байна. Ингэж ажил цалгардсан нь Засгийн газрын алдаа.
-Ерөнхий сайд чуулган дээр төсвийн танилцуулгыг хийхдээ хөрөнгө оруулалтын үнэ өсдөг, удаан жил болдог гээд яг таны сая ярьсныг хэлсэн. Төсөв дээрээ тэгээд огт өөрөөр оруулж ирлээ гэж үү?
-Ганц л жишээ хэлье. 2013 оны төсөв бол Ерөнхий сайд Н.Алтанхуягийн шинэчлэлийн Засгийн газрын өргөн барьсан төсөв. 2014 оны төсвийн төсөл ч бас энэ засгийнх. Гэтэл Н.Алтанхуягийг Ерөнхий сайд болсноос хойш өөрийнх нь өргөн барьсан төсвийн хөрөнгө оруулалтын төсөвт өртөг нь 343 тэрбумаар хэтэрчихээд явж байна.
Хоёрхон жилийн дотор төсөвт суусан объектуудын өртөг нь 343 тэрбумаар өслөө. Үүнийг л тэр хүн өөрөө “авлигажсан төсөв” гэж нэрлэсэн юм болов уу даа.
-Төсвийн хөрөнгө оруулалтыг Авлигатай тэмцэх газраар шалгуулж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?
Зээлийн ашиглалтыг хугацаагаар нь авч үзвэл
-Ер нь бол улсын хэмжээнд олон жил үргэлжилж байгаа 289 объект байна. Эндээс хэд нь өнөөдөр үнийн зөрүүнээс болж удав, хэд нь нэмэлт ажлаас болж үнэ нь өсөв гээд аудитаас шалгалт хийсэн.
Нэгэнт Ерөнхий сайд авлигажсан төсөв гэж хэлсэн учраас нийт объектуудыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өгсөн байж байгаа. Манай бүлгийн байр суурь гэвэл 289 объект нэг бүрийн өртөг яагаад өсөөд байгааг тогтооё гэсэн. Хоёрт, дээр өгүүлсэнчлэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн өөрөө эхлүүлсэн объектынх нь төсөвт өртөг 343 тэрбумаар өсөв гэдгийг тайлбарлаач гэж байгаа.
-Та хоёр ч удаа цалин нэмэх ёстой гэлээ. Уг нь төсөвт цалин нэмэх хөрөнгө суусан биз дээ. Яагаад заавал МАН-ын бүлэг 30 хувиар цалин, тэтгэвэр нэмэх ёстой гээд байгаа юм бэ?
-Үндсэндээ 2012 оны хоёр, тавдугаар сард цалинг нэмснээс хойш ганц ч удаа нэмээгүй шүү дээ. Энэ хугацаанд буюу 2012 онд инфляци 13 хувь, 2013 онд 12 орчим хувь байсан гэхээр нийлээд 24, 25 хувьд хүрчихээд байна.
Дээр нь зөвхөн ам.долларын ханшийн өсөлтөөс болж 2013 онд төгрөгийн худалдан авах чадвар хамгийн доод талдаа 20 хувиар уналаа. Гэтэл 2.5 жилийн хугацаанд цалин ямар нэгэн хэмжээгээр нэмэгдээгүй бол инфляци дунджаар 25 хувьтай байлаа. Инфляцитай уяж цалин, тэтгэвэр, тэтгэмжээ нэмэх бодит шаардлага байна шүү дээ.
-Энэ бүгд дээр бүлгүүд байр сууриа нэгтгэж чадаж байна уу?
-Улсын өрийг нэмэгдүүлэх үү гэдгээс бусад дээр ойлголцолд хүрч эхэллээ. Учир нь, Үндэсний аудитын газраас гаргасан дүгнэлт байна. Түүнд яг бидний гаргасан 170 тэрбумын урсгал зардлыг жишээ нь хасах ёстой гэсэн байна лээ. Аудитынхан 55 тэрбум төгрөгийн онц шаардлагагүй хөрөнгө оруулалт байна гэж дүгнэлт гаргасан. Биднийхээр 250 орчим тэрбум төгрөгийн онц шаардлагагүй хөрөнгө оруулалт байгаа юм билээ.
АН-ын бүлгийн ажлын хэсэг ч бас тиймэрхүү байр суурьтай байгаа гэсэн албан бус мэдээ байна. Тэгэхээр байр сууриуд ойртож байна. Ер нь бол төсөв дээр үндсэндээ цалин, улсын өр, шаардлагагүй урсгал зардал, хөрөнгө оруулалт, төсвийн гадуур явж байгаа “Чингис” бонд, Хөгжлийн банкны хөрөнгийн зарцуулалт гэдэг зүйл дээр л хэлэлцүүлэг явж байна.