Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцид нэгдэхийг хэлэлцлээ
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын өнөөдөр /2013.10.02/ үдээс хойш хуралдаж дараах төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэлээ.
Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай, Бүгд Найрамдах Солонгос Улс болон Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад тус тус суугаа Элчин сайдын яаманд олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолуудын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Үүнээс “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хаалттай хэлэлцлээ.
Монгол Улсын Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4., 17 дугаар зүйлийн 17.1.3., 19 дүгээр зүйлийн 19.1.6-д гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох асуудлыг Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэхээр заасныг үндэслэн Бүгд Найрамдах Солонгос Улс болон Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад тус тус суугаа Элчин сайдын яаманд олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай”Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсныг УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан танилцууллаа.
Тогтоолын төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Дараа нь Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцид нэгдэхийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. Танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С. Оюун хийлээ.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Р.Гончигдорж, Д.Ганбат, О.Баасанхүү, Ё.Отгонбаяр нар асуулт асууж, хариулт авлаа.
Мөнгөн ус нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд онцгой сөрөг нөлөөлөл үзүүлдэг, экосистемд биохуримтлал үүсгэх чадвартай, хүний хүчин зүйлийн нөлөөгөөр байгаль орчинд ялгарч, цаашид задрахгүйгээр агаар мандалаар дамжин хол зайд зөөгддөг зэргээр дэлхий нийтээр анхаарлаа хандуулж буй химийн бодис болохыг хүлээн зөвшөөрч, Мөнгөн усны бохирдлоос үүдэлтэй хүний эрүүл мэнд, байгаль орчинд онцгой хохирол учруулсан Минаматагийн өвчнөөс авсан сургамжийг ухамсарлаж, ирээдүйд ийм эмгэнэлт үйл явдал гарахаас сэргийлж мөнгөн усны зохистой менежмент хэрэгжүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрч конвенцид нэгдэхийг зөвшилцөхөөр байнгын хороонд хэлэлцүүлж байгааг танилцууллаа.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Р.Гончигдорж, Д.Ганбат, О.Баасанхүү, Ё.Отгонбаяр нар асуулт асууж, хариулт авлаа. Мөнгөн усны бохирдолд орсон газар хичнээн байгаа, алт олборлох явцад хэд нь бохирдсон, нөхөн сэргээсэн, хорт бодисыг булсан эсэх, урагт нөлөөлсөн эсэхийг судалсан судалгаа байгаа талаар, мөнгөн усны импортлох зөвшөөрөл авсан эсэхийг асууж байлаа. Мөн УИХ-ын гишүүн О.Бааснхүү, Ё.Отгонбаяр Р.Гончигдорж нар саналаа хэллээ. Конвенцид нэгдэн орсноор иргэдийг хууль бус үйлдэл уруу оруулж магадгүйг анхааруулав. Конвенцийг зөвшилцсөний дараа нэгдэн орох, соёрхон батлах асуудлыг өргөн барих юм байна