Элчин сайдын яаманд олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай хэлэлцлээ
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр хуралдаж дараах төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэсэн байна.
Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай, БНСУ болон БНТУ-аас Монгол Улсад тус тус суугаа Элчин сайдын яаманд олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолуудын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцжээ.
Үүнээс “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хаалттай хэлэлцсэн байна. Монгол Улсын Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4., 17 дугаар зүйлийн 17.1.3., 19 дүгээр зүйлийн 19.1.6-д гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлэхээр заасныг үндэслэн БНСУ болон БНТУ-аас Монгол Улсад тус тус суугаа Элчин сайдын яаманд олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсныг УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан танилцуулсан.
Тогтоолын төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.