Г.Баярсайхан: Алс хэтийг харах тал дээр Засгийн газар, УИХ муу ажилласан
УИХ-ын гишүүн, БОХХАА-ын Байнгын Хорооны Дарга Г.Баярсайхан
2013.11.08

Г.Баярсайхан: Алс хэтийг харах тал дээр Засгийн газар, УИХ муу ажилласан

УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай уулзаж төсөв болон эдийн засгийн асуудлаар ярилцлаа.

2014 оны төсвийн хэлэлцүүлгийг парламент хийж байна. Засгийн газрын төсвийн төсөлтэй та танилцав уу. Хэр сайн төсөв болсон байна?

-Мэдээж хэрэг төсвөө зөв хуваарилах хэрэгтэй байгаа. Би сайн, муу гэсэн дүгнэлт хэлмээргүй байна. Аль болох боломжийн хэрээр л төсөв батлахыг зорилгүй яах вэ.

-Барьсан барилгуудын хөрөнгийг танаж царцаах талаар ярьж байгаа шүү дээ. Таны бодлоор энэ хэр зохистой вэ?

-Эмнэлэг, сургуулийн зориулалтаар барьж байгаа барилгын төсвийг танах, урсгал зардлыг хэмнэх тухай ярьж байна. Урсгал зардлыг хэмнэх нь зөв. Жил бүр л болсон болоогүй засвар хийж , их мөнгө зарцуулдаг. Гэтэл яамдын дотоод үзэмж өнөөдөр тийм ч муу биш байгаа. Тиймээс би засварт зарцуулдаг мөнгийг хэмнэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байна.

-Өнөөдрийн хувьд оюутнуудад олгож буй 70 мянган төгрөгийн тэтгэлгийг үргэлжлүүлэх эсэх нь УИХ дахь бүлгүүдийн мэтгэлцээний гол сэдэв болж байна. Энэ мөнгө төсөвт үнэхээр дарамт болоод байгаа юм уу?

-Эдийн засгийн чадавх сайн байхад оюутнуудад нийгмийн халамж хүртээж байгаа нь зөв хэлбэр. Гэхдээ яг ямар хэлбэрээр хүргэх вэ гэдэг нь чухал. Сайн сурсан, тааруу сурсан ялгаагүй тэтгэлэг авч байгаа. Үүнийг цэгцэлж тодорхой шалгууртай олгох хэрэгтэй. Оюутнууд хувийн ч бай хувьсгалын ч бай, нэг сургуульд данстай, тэгээд сурлагадаа анхаарахгүй байсан ч сар бүр мөнгө авна гэсэн ойлголттой байдаг. Хуучин нийгмийн үед Сүхбаатарын нэрэмжит цалин гэж байлаа. Түүнтэй адил тодорхой үнэлэмжээр олгох нь зөв.

-Саяхан Дэлхийн банкнаас Монгол Улс мөнгөний бодлогоо чангатгах хэрэгтэй гэсэн зөвлөмж гаргасан байсан. Үүнд та ямар бодолтой байна вэ?

-Тийм судалгаа гарсан байсан. Дэлхийн банк бол гуравдагч талаас харж бодит дүгнэлт хийсэн байгаа. Төсвөөс гадуур эргэлдэж байгаа мөнгөнд бодитой хандах хэрэгтэй гэж үзсэн байсан. Би ч үүнтэй ижил байр суурьтай байна. Төсвөөс гадуур их хэмжээний мөнгө эдийн засагт оруулснаас болж валютын ханш чангарч төгрөгийн ханш суларсан байх үндэслэл бий.

-Гэхдээ валютын ханш чангарсныг Төв банктай холбож тайлбарладаг юм билээ. Монголбанк ажлаа муу хийснээс болоод валютын ханш чангарсан гэж үзэх хүмүүс ч байсан. Харин та өөр зүйлтэй холбож үзэж юм уу?

Мэдээж олон шалтгаан бий. Ганц Монголбанктай холбож үзэж болохгүй шүү дээ. Олон улсын хэмжээнд долларын ханш чангарсан. Гаднаас орж ирэх валютын урсгал татарсан. Энэ нь дэлхийн эдийн   засгийн хямралтай холбоотой.       

Шинээр барих төмөр замын хөрөнгө “Чингис” бондоос гарч байгаа нь үнэн.

Өндөр хөгжилтэй зарим орны үндэсний мөнгөн тэмдэгт суларч, долларын ханш чангарсан байх жишээтэй. Гэхдээ энэ бол тухайн улс орны бодлоготой холбоотой байх. Манай улсад л ийм зүйл мэдрэгдэж байна. Уул уурхайн салбарын бодлого, Төрийн алдаатай алхмаас болж уул уурхайн урсгалаас орж ирэх валютыг хааж боогдуулсан тал бий. Алс хэтийг харж эдийн засгийн анализ хийх тал дээр Засгийн газар, УИХ муу ажилласан.

Сайн анализ хийдэг эдийн засагчид байсан бол нүүрсний үнэ ингэж нэмэгдэх нь, төмөр замаа түрүүлээд тавих хэрэгтэй гэдэг асуудлыг шийдэх байсан юм. Гол асуудал төмөр зам болчихоод байна. Энэ бүх зүйлийг түрүүлж харсан бол өнөөдөр арай өөр байх байлаа. Уул уурхайн хөрөнгө оруулалт, хайгуул, лиценз олголт бүгд зогссон.

Нөгөө талаар алтыг Монгол банкинд тушаадаг болох хэрэгтэй байна. Алтыг гадагш нь хулгайгаар их гаргадаг шүү дээ. Үүнд цэг тавих хэрэгтэй. УИХ ээлжит бус чуулганаараа Алтны ил тод байдлын тухай хуулийг хэлэлцэж эхэлсэн. Үүнийг яаралтай батлах хэрэгтэй байгаа юм.

-Та төмөр замыг эргэлтэд оруулах хэрэгтэй байна гэж ярилаа. Төмөр зам барих мөнгийг “Чингис” бондоос гаргахаар шийдвэрлээд байсан шүү дээ. Ирэх жилийн төсөвт төмөр зам барихад гэж онцгойлон мөнгө тусгасан уу?

-Шинээр барих төмөр замын хөрөнгө “Чингис” бондоос гарч байгаа нь үнэн. Их мөнгө зарлагадаж төмөр зам барихаар шийдвэрлэсэн бол эргээд өөрсдийгөө торгох зүйл хийхгүй байх хэрэгтэй. Алдагдалтай зүйл хийгээд байвал хэцүү шүү дээ. Өргөн царигаар тавих хэрэгтэй гээд л улстөржүүлээд байгаа.

Уг нь нарийн цариг гэдэг дээрээ л тогтох нь бидэнд ашигтай. Өргөн царигтай төмөр замаасаа болоод ачаа шилжүүлж ачихад 3-6 долларын алдагдал хүлээж байгаа улс орон бий. Үүнээс бид жишээ авч эхнээс нь зөв шийдвэр гаргах нь чухал байна. Төмөр замаар улс төр хийгээд байх нь оновчтой биш.

-Төмөр замаа тавьж байж л нүүрсээ гаргана гээд байгаа. Тэгэхээр ирэх жил нүүрсээ экспортод гаргах найдлага хэр байгаа бол?
Энэ жил манай улсын эдийн засгийн өсөлт дэлхийд 11.5 хувьтай гарсан.

-Хамгийн гол анхаарах асуудал миний бодлоор нүүрсний экспорт. Бид нүүрсний экспортоо санасан хэмжээндээ хүргэж чадаагүй. Үүнийг шийдэж чадвал монголчуудын амьдрал сайжирна. Нүүрсээ экспортод гаргаж чадахгүй бол ирэх жил дахиад л эдийн засаг хүндэрнэ. Найдвар “Оюутолгой” л байна даа. Оюутолгой ашиглалтад орлоо. Энэ чухал нөлөө үзүүлнэ.

Би Монголын эдийн засгийг өөдрөгөөр харж байна. Энэ жил манай улсын эдийн засгийн өсөлт дэлхийд 11.5 хувьтай гарсан. Тэгэхээр цаашид хоёр оронтой тоондоо бариад явах боломж харагдаж байгаа.

-Эдийн засаг өсөлттэй байгаа ч валютын ханшийг барьж чадахгүй байгаа шүү дээ. Зарим улс үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, хөгжүүлэх зорилгоор долларын ханшийг өсгөх бодлого барьдаг байх. Гэтэл манай улсын үндэсний үйлдвэрлэл төдийлөн сайн хөгжөөгүй. Ихэнх үйлдвэрийн түүхий эд гадаадаас хараат байдаг. Ийм байхад долларын ханш чангарах нь хүн бүрт мэдрэгдэж байгаа. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Эдийн засагчид ингэж ярьдаг. Манайд бүх зүйл эсрэгээрээ яваад байна. Жишээлбэл, Япон улс үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх бодлого барьдаг. Бүтээгдэхүүнээ гадагшаа экспортлохоор төдийлөн үр дүнгүй байсан тал бий байх. Тус улсын шинэ Засгийн газрынх нь явуулж байгаа бодлого бол валютын ханшаа сулруулах. Энэ нь үр дүнгээ өгч экспорт нь нэмэгдсэн юм билээ. Гэтэл бид эсрэг талын арга хэмжээ авах шаардлагатай болчихоод байна.

Манай төгрөгийн ханш суларсан үзэгдэл нь хүссэн хүсээгүй үндэсний үйлдвэрлэл хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж байгаа. Энэ нь хүнсний салбарынханд илүү ашигтай тусч байгаа юм. Гэхдээ сөрөг үр дагаврууд бий. Эргүүлээд гаднаас бүтээгдэхүүн, түүхий эдээ өндөр үнээр худалдаж авч буй. Тэгэхээр валютын ханшийг тогтвортой байлгах нь чухал.