Хөлбөмбөгийн талаар ярилцлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын хөлбөмбөгийн холбоо /UEFA/-ны ерөнхийлөгч, Дэлхийн хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч Мишель Платинийг хүлээн авч уулзлаа.
Мишель Платини нь дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд нэрээ мөнхөлж Европын Пеле хэмээн алдаршсан, 1984 оны Европын аварга, 1986 оны Дэлхийн аваргын хүрэл медальт, 1984, 1985 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгч, 1983-1985 оны Европын шилдэг хөлбөмбөгчийн “Алтан бөмбөг” шагналт, есөн гоол оруулж Европын аварга шалгаруулах тэмцээний түүхэн дэх шилдэг “мэргэн бууч” алдрыг хүртсэн эрхэм юм. Түүнтэй хамт Европын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч Г.Суркис, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Инфантино нар уулзалтад хүрэлцэн ирсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж алдарт хөлбөмбөгч Мишель Платинийг Монголд хүрэлцэн ирсэнд гүн талархал илэрхийлж “Монголчууд эрт дээр үед цэргээр дэлхийг байлдан дагуулж байсан бол та хөлбөмбөгөөр дэлхийг байлдан дагуулсан хүн юм” хэмээгээд тавтай морилохыг хүсэн ерөөлөө.
Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Мишель Платини Монголын хөлбөмбөгийн холбоо, тус холбооны ерөнхийлөгч Б.Ганболдтой олон жилийн турш найрсаг харилцаж, хамтран ажиллаж ирснийг дурдаад түүний урилгаар Монголын сайхан оронд хүрэлцэн ирсэндээ баяртай байгаагаа илэрхийлэв.
Монголд энэ спорт хөгжих сайхан ирээдүй байна гэдгийг онцолж байлаа.
Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн Монголд хийж буй айлчлалын үеэр Монголын хөлбөмбөгийн дасгалжуулагч, шүүгчдийг Франц, Швейцарьт сургалтад хамруулах, ялангуяа монгол хүүхдүүдийн дунд хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх талаар ярилцаж, бүх талаар туслахад бэлэн гэдгээ илэрхийлсэн тухайгаа ноён Мишель Платини Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулав.
Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө хөлбөмбөгийн хорхойтон, хөлбөмбөгийн холбоо нь сайн ажилладаг, төр, засагтайгаа сайн ойлголцдог тул Монголд энэ спорт хөгжих сайхан ирээдүй байна гэдгийг онцолж байлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын үеэр “Монголд хөлбөмбөг хөгжинө гэдэг бол хөлбөмбөгийн спорт дэлхийд хүрсний нэг гол илрэл юм. Би гэртээ очоод нэг л зүйл үздэг. Тэр нь хөлбөмбөг. Бид хоёр гол зорилт тавьдаг. Нэгд, хөлбөмбөгийг Улаанбаатараас гаргаж хөдөө орон нутагт, улс даяар хөгжүүлэх хэрэгтэй. Хоёрт, хүүхдүүдийг энэ спортод дуртай, сонирхолтой болгох ёстой.
Монголын сургууль бүр биеийн тамирын танхимтай, тэндээ заалны хөлбөмбөг тоглодог болсон. Үүнийг амжилт гэж боддог. Би болоод манай гэр бүлийнхэн хөдөө орон нутгийн сургуулийн хүүхдүүдэд хөлбөмбөгийн бөмбөг бэлэглэх дуртай. Сая Хойд Солонгост айлчлахдаа монгол хүүхдүүдээ аваачиж тэдний хүүхдүүдтэй тоглуулсан. Тэднийх магтаж байна лээ.
Тэдний хүүхдийн багийн хүүхэд бүрт хөлбөмбөгийн бөмбөг бэлэглэсэн, их баярлаж байсан. Ингэж бүс нутагтаа ч хөлбөмбөгийг сурталчлахад бид идэвхтэй оролцох болно. Хөлбөмбөгийг би эрх чөлөөний хөтөч гэж боддог. Хөлбөмбөг үзэж байгаа хүн яг өөрөөрөө байдаг” гэлээ.
Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Мишель Платини “Аливаа улсын хөлбөмбөгийн холбооны хамгийн гол зорилго бол тухайн улсынхаа хөлбөмбөгийн багийг хожуулахдаа биш, харин хүүхдүүдэд энэ спортоор дамжуулан боловсрол олгоход чиглэх ёстой. Хүүхэд дуртай зүйлдээ тэмүүлэхээрээ зөв иргэн болж төлөвшдөг. Хөлбөмбөг бол сайхан спорт.
Тиймээс би хүсэл мөрөөдлөө дагаад хөлбөмбөгийн спортод орсон. Багаараа хожиж, нөгөө хүмүүсийнхээ баярлаж байгааг хардаг үнэхээр сайхан спорт. Аль болох олон хүүхдийг энэ спортод хамруулах хэрэгтэй юм. Засгийн газар үүнийг дэмжих нь зүйтэй” гэж байлаа.
Уулзалт халуун дулаан, найрсаг уур амьсгалд болж өндөрлөлөө.