Халдварт өвчний тохиолдол 12 хувиар буурчээ
Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс Эрүүл мэндийн статистикийн мэдээг 2013 оны эхний 10 сарын байдлаар гаргажээ.
2013 оны 10 дугаар сарын байдлаар 66,277 эх төрж, өмнөх оны мөн үеэс 6,8 хувь буюу 4,192 төрөлтөөр нэмэгдсэн байна. Үүнээс 51 хувь нь хүү, 49 хувь нь охин төржээ.
Улсын хэмжээнд 2013 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 26 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 5 тохиолдлоор буурсан байна.
Мөн халдварт бус өвчлөлийн 1,103,931 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс өвчлөл 176.1 мянган тохиолдлоор буюу 18.9 хувиар нэмэгдсэн. Бүртгэгдсэн халдварт бус өвчлөлийн 10 хувийг осол гэмтлийн шалтгаантай өвчлөл эзэлж байгаа ажээ.
Улсын хэмжээнд нийт 30 төрлийн 31,730 халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь 2012 оны мөн үеэс 4,343 тохиолдлоор буюу 12 хувиар буурчээ.
Улсын хэмжээнд нийт 30 төрлийн 31,730 халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэн байна.
Харин амьсгалын замын цочмог халдварт өвчин 40 хувийг, зонхилон тохиолдох бэлгийн замаар дамжих халдварт өвчин 38.7 хувийг тус тус эзэлж байгаа юм. Түүнчлэн энэ хугацаанд нас баралтын 13,411 тохиолдол бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үеэс 857 тохиолдлоор буурсан үзүүлэлт гарчээ.
Үүнээс хорт хавдрын шалтгаантай нас баралт 22.8 хувийг, осол гэмтэл гадны шалтгаант нас баралт 18 хувийг тус бүр эзэлсэн байна. Нас барсан хүмүүсийн дийлэнх хэсэг буюу 60 орчим хувь нь эрэгтэйчүүд байжээ.
Улсын хэмжээнд 2013 оны эхний 10 сарын байдлаар 599.3 мянган түргэн тусламжийн дуудлага хүлээн авч үйлчилгээ үзүүлснээс 11 хувь нь алсын, 6 орчим хувь нь осол гэмтлийн дуудлага байсан байна.