2013.11.14

Албан үүргээ гүйцэтгэж яваад хохирсон цагдаад үзүүлэх тэтгэмжийн талаар хуулинд тусгаагүй

Цагдаагийн албаны тухай хууль ирэх оны энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж эхэлнэ. Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хууль нь анх 1993 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр батлагдсан бөгөөд үүнээс хойш 93 хуульд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хамаарах зохицуулалт тусгаснаас 60 гаруй хуульд цагдаагийн байгууллагад үүрэг болгосон хэм хэмжээ тогтоосон заалт байдаг.

Тэгвэл өнөөдөр "Цагдаагийн ар гэрийн холбоо" ТББ-аас шинээр хэрэгжих гэж буй Цагдаагийн албаны тухай хуулийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгч, байр сууриа илэрхийлсэн юм.

"Цагдаагийн ар гэрийн холбоо" ТББ-ын тэргүүн Ж.Алтангэрэл "Цагдаагийн албаны тухай" хуулийг дагаад "Хууль сахиулагчийн эрх зүйн   байдлын   тухай хууль" хэлэлцэх шатанд явж байгаа. Энэхүү хуулинд цагдаагийн албан хаагч үүргээ гүйцэтгэж яваад хохирсон тохиолдолд яах вэ, хууль хэв журмыг сахиулах үүргээ баталгаатай биелүүлэх боломж бүрдүүлж өгөх зэргийг тодорхой тусгахыг хүсэж байна" гэв. Тэрбээр цагдаагийн албан хаагчдыг амь насны даатгалд хамруулах, албан үүргээ гүйцэтгэж яваад ямар нэгэн байдлаар хохирвол даатгалын шимтгэлийн сангаас тэтгэмж олгох талаар хуулинд тусгах хэрэгтэйг мөн онцолсон юм.